Магистрын диплом хамгаалалт боллоо

Монгол Улсын Эрдмийн их сургууль нь БНХАУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажилладгийн дотор “Нэг бүс, нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академитай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах,  төсөл хөтөлбөр, магистр, докторын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, судлаач оюутны судалгааны ажил удирдах зэргээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа билээ. 

2021-2022 оны хичээлийн жил тус академиас МУЭИС-д элссэн суралцаж байгаа БНХАУ-ын магистрантууд нь танхим болон цахим хэлбэрээр суралцаж, өөрийн мэргэжил, салбарын хүрээнд судалгааны ажлаа дуусган, магистрын хамгаалуулах зөвлөлөөр дүгнүүлж, дипломын ажлаа амжилттай хамгааллаа.

Нийгэм хүмүүнлэгийн тэргүүлэх чиглэл болох бизнесийн удирдлага, төрийн захиргааны менежмент, эрх зүй, урлаг судлал, соёл судлал, боловсрол судлал мэргэжлээр нийт 34 магистрант судалгааны ажлаа хэлэлцүүлсэн бөгөөд энэ удаагийн магистрын жинхэнэ хамгаалалтад оролцож байгаа судлаач оюутнуудын судалгааны ажлыг зөвхөн монгол талаас эрдэм шинжилгээний удирдагч удирдахаас гадна тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хятад эрдэмтэн давхар томилогдож чиглүүлснээрээ илүү онцлогтой байсан юм. 

Гадаад магистрантууд сонгосон сэдвээрээ судалгааны ажил хийхээс гадна түүнийгээ стандарт шаардлагын дагуу эмхэтгэх, тайлагнах, хамгаалах явцдаа илүү олон зүйлд суралцаж, боловсордог.

Шинэ оны босгон дээр эрдмийн зэргээ хамгаалсан магиструуддаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажил нь өндөр амжилтыг хүсье.

en_US