‘’Олон улсын утга зохиолын орчуулагчдын анхдугаар хурал’’ МУЭИС-д болно

Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэрт зохиолч, яруу найрагч, нийтлэгч, сэтгүүлч, утга зохиолын нэрт орчуулагч, соён гэгээрүүлэгч нар оролцох ‘’Олон улсын утга зохиолын орчуулагчдын анхдугаар хурал’’ өнөөдөр буюу 2023 оны 09 сарын 16-ны өдрийн  13.00 цагаас Монгол Улсын Эрдмийн их сургуульд болно.

Энэхүү хурлаар утга зохиолын орчуулагч, хэвлэн нийтлэгч, зохиолч, шүүмжлэгч нар Оросын уран зохиолыг гадаад хэл рүү орчуулахад тулгамдаж буй асуудал, хэтийн төлөвийн талаар хэлэлцэх юм. Тодруулбал, Оросын орчин үеийн уран зохиолын орчуулга бусад улс орнуудын утга зохиолын орчуулгад ямар байр суурь эзлэж буй, орос хэлнээс бусад гадаад хэл рүү, бусад хэлнээс орос хэлнээ уран зохиолын бүтээлүүдийг хөрвүүлэхэд тохиолддог ерөнхий ба онцгой бэрхшээлүүд, утга зохиолын орчуулагчийг анхлан бэлдэхэд баримталж буй орчин цагийн Оросын болон бусад гадаад орнуудын туршлагыг хөндөн илтгэлүүд тавигдах юм.

Судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн их сургууль Монголын талаас, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын Холбооны Улсын “Орчуулгын хүрээлэн” Оросын талаас утга зохиолын судалгаа, орчуулгын онол, практикийг шинжлэх ухааны салбарт хөгжүүлэн хамтран ажиллах Санамж бичиг үзэглэх болно.

en_US