Төрийн албан хаагчдад зориулсан “Төрийн удирдлагын системийн тоон шилжилт” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Эрдмийн Их сургууль болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн Академийн хамтын ажиллагааны хүрээнд  төрийн алба хаагчдад зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл танхим болон цахим хэлбэрээр амжилттай хэрэгжүүлж, сертификат гардуулах үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагааг нээж МУЭИС-ийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, ОХУ-ын Ерөнхийлөгчийн академийн Төрийн удирдлагын цахим төвийн дарга Гадзов Феликс нар үг хэллээ.

“Төрийн удирдлагын системийн тоон шилжилт” сэдэвтэй энэхүү сургалтад Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газар болон төрийн бусад байгууллагад ажилладаг МУЭИС-ийн докторант, магистрант, төгсөгчийн төлөлөөл бүхий 30 гаруй хүн хамрагдаж өнөөдөр төгсөлтийн батламж болох сертификатаа гардан авлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Академийн эрдэмтдийн багын боловсруулсан тус хөтөлбөр нь  Төрийн удирдлагын хүрээгээр хязгаарлагдахгүй илүү өргөн хүрээтэй асуудлыг, тухайлбал, тоон шилжилтийн учир шалтгаан, зохион байгуулах механизм, арга хэлбэр, олон улсад болон ОХУ-д хуримтлуулсан туршлага, тулгамдсан асуудал, хүн төрөлхтний өмнө тулгарах шинэ шинэ сорилт болон эрдэмтдийн өөрсдийн хийсэн туршилт судалгааны үр дүнг тусгасан сургалт байсан. Энэ утгаараа тухайн сургалтаар Төрийн удирдлагын тогтолцооны тоон шилжилтээр дамжуулан ийм шилжилт хийхэд зайлшгүй мэдэх суурь асуудлуудыг бас хөндөж ярилцсан нь сонсогчдын боловсрол, мэдлэг, дадлага туршлагыг илүү гүнгийрүүлэхэд тус дөхөм болсон гэж үзэж байна.

Сургалтаа амжилттай дүүргэсэн нийт төгсөгчдөө баяр хүргэе. 

https://www.facebook.com/MASS.TV.OFFICIAL/videos/1025866435974114

mn