Монгол-Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй энэ жил хоёр улсын дээд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулж байгаа жинтэй хувь нэмрийг үнэлж БНТУ-ын иргэн Вахапоглу Абдулвахап Халил-д МУЭИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус сургуулийн “Хүндэт доктор” цол өргөмжлөв.
“Хүндэт доктор” цол олгох ёслол 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болж МУЭИС-ийн захирал, доктор Sc.D, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ч.Зэгиймаа “Хүндэт доктор” цолыг гардуулав. Ёслолын арга хэмжээнд тус сургуулийн эрдэмтэн профессор, төгсөгч докторууд болон суралцагчдын төлөөлөл оролцов.
Вахапоглу Абдулвахап Халил нь 2022 оноос МУЭИС-ийн Турк судлалын төвийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд БНТУ-ын Бурса Техник Университ / Bursa Teknik Üniversiteti /, Анкара Бейазит Илдирим Университ / Ankara Beyazıt Üniversiteti /, Ушак Университ / Uşak Üniversiteti /, Бурса Улудаы Университ / Bursa Uludağı Üniversiteti / зэрэг их сургуулиудтай Эрасмус хөтөлбөрийн хүрээнд гэрээ, хэлэлцээр байгуулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж БНТУ-ын их сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа Эрхэм юм.
Мөн тэрээр 2013 оноос өнөөг хүртэл Монгол улсад хэрэгжиж буй Турк улсын Тусламжийн нийгэмлэгийн зорилтод бүлгийн иргэдэд тусламж үзүүлэх төслийг удирдан зохион байгуулж байна.
“Хүндэт доктор” цол хүртсэнтэй холбогдуулан Вахапоглу Абдулвахап Халил үг хэлсэн. Тэрбээр, МУЭИС-ийн “Хүндэт доктор” цол хүртэж буйдаа баяртайгаа байгаагаа илэрхийлээд, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.