Профессор Ч.Зэгиймаа нь Монголын дээд боловсролын салбарт судалгааны их сургуулийн үзэл баримтлалыг хөгжүүлэх, шинжлэх ухааны бие даасан чиглэл, орчин үеийн салбар дундын судалгааг төлөвшүүлэх, эрдэм шинжилгээний шинэ үеийг бэлтгэх үйлсэд олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч юм.
Тэрээр их сургууль нь улс орны оюуны хөгжил, шинжлэх ухааны дэвшил, нийгмийн өөрчлөлтөд манлайлан оролцох мэдлэг бүтээх төв байх ёстой гэсэн үзэл баримтлалыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгож ажиллаж, эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, тэдний бүтээлч сэтгэлгээ, судалгааны чадавхыг хөгжүүлэх, эрдмийн залгамж халааг бэхжүүлэн ажиллаж ирсэн билээ. Түүний бүтээн байгуулсан эрдмийн орчин, тууштай хөгжүүлж ирсэн үзэл санаа, төлөвшүүлсэн соёл нь мэдлэгийг үндэсний болон дэлхийн хөгжлийн үнэт баялаг болгох эрхэм үйлсэд зориулсан хөдөлмөр зүтгэлийнх нь үр дүн юм.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны билигт сайн өдөр Монгол Улсын төрийн дээд Ардын багш, цол хүртсэн, доктор (Sc.D), профессор Ч.Зэгиймаа Танд халуун баяр хүргэж, эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь улам их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Эрдмийг эрхэмлэж, шинэ мэдлэгийг бүтээж, ирээдүйн эрдэмтдийг төрүүлэх их үйлс мөнхөд дэлгэрэх болтугай!
