“МУЭИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг” ISSN дугаар авч олон улсын стандартад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл боллоо

МУЭИС нь “МУЭИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийг олон улсын хэвлэлийн нэгдсэн дата санд амжилттай бүртгүүлж, ISSN 2960-1274 эрх бүхий дугаарыг 2023 оны 07 сарын 17-ны өдөр авав. Ингэснээр тус сургуулиас эрхлэн гаргадаг ”Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүл нь олон улсын стандартад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл боллоо.

International Standard Serial Number (ISSN) дугаар нь цуврал сэтгүүл хэвлэлийг төрөл, хэлбэр, гарчгаар нь ялган таних зорилгоор зохиогдсон 8 оронтой дугаар бөгөөд анхлан 1975 онд олон улсын стандартын байгууллагаас санаачлан гаргаснаар олон улсын түвшинд хэрэгжиж эхэлжээ. Өнөөдөр ISSN дугаарын бүртгэлийг UNESCO болон Францын засгийн газрын хамтран байгуулсан, Парист байршилтай ISSN International Centre хийж байна.

Орчин үед дэлхийн олон улсад хэвлэгдэж буй цуврал хэвлэлүүд ISSN International Centre-д хандан ISSN дугаар авч нэгдсэн дата санд бүртгүүлэх болсон нь ISSN дугаарын шаардлага, хэрэгцээ өсөж олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буйгийн тод илрэл юм.

mn