А.Гэлэгжамц: Монголын боловсролыг өмөөрөх Монголын төртэй болмоор байна

2023/10/1

news-img

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Бизнесийн эрдмийн сургуулийн захирал, доктор, профессор А.Гэлэгжамцтай ярилцлаа.


– Монгол Улс дээд боловс­ролыг хөгжүүлэх тал дээр ямар бодлого хэрэгжүүлж байна вэ.Сая­хан Боловсролын багц хууль батлагдлаа. Эдгээр хуу­лийг мэргэжлийн  хү­ний хувьд та хэрхэн дүгнэх вэ?

– Хамгийн түрүүнд бид дээд боловсролын дэлхийн хөгжлийн чиг хандлагыг гүнз­гий судалж, тэдний хөгж­лөөс хоцрохгүй байх нь чухал.Өнөөдөр дэлхий даяараа дээд боловсрол, тэр тусмаа их сургуулийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байна.Учир нь нийгмийн хөгжлийн тодорхойлох гол хүч, чиг хандлагыг заагчид нь их сургуулиуд болоод байгаа юм.Хүн төрөлхтний оршин тогтнох асуудал, улс орны хөгжлийн гарцыг шийдвэрлэгчид нь шинэ мэдлэгийг бий болгодог их сургуулиуд болоод байгаа.Мэдлэггүйгээр юуг ч шийдэж чадахгүй эрин үе ирчихээд байгаа шүү дээ.Өндөр хөг­жилтэй улсуудын хөгжсөн зам нь ердөө л энэ.

– Дээд боловсролын хуулийн талаар ямар дүгнэлттэй байна вэ.Хэр чамбай хууль болов?

– Багагүй хугацаа зарцуулж, нэлээд шүүн тун­­­­­­гааж баталсан хэмээн хууль санаачлагчдын зүгээс онцолж байсныг санаж байна.Дээд боловсролын үүрэг асар их болсонтой холбоотойгоор улс орнууд Дээд боловсрол, шинжлэх ухааны яамыг тусад нь гар­гаж байна.Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны агуулга хүчтэй тавигдах болсон.Их сургууль төвтэй шинжлэх ухаан хөгжиж нийгмийг урагшлуулж байгаа үе шүү дээ.Тэгэхээр ийм онцлогтой цаг үеийн боловсролын багц хууль бол мэдээж үзэл баримтлал, агуулга, мөн чанарын хувьд тэрхүү нөх­цөлийг оновчтой тоо­цоолж, тусгасан байх шаард­­лагатай.Монгол Улсын боловсролын тогтол­цооны хөгжлийн явцад Дээд боловсролын тухай хуулийг анхлан 2002 онд баталсан байдаг.Түүнээс хойш 11 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулжээ.Харин 2016 онд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн үзэл баримтлал, агуулга, хэл найруулгын хувьд цэгцтэй сайн бичигд­сэн гэж мэргэжлийн хүмүүс, шинжээ­чид үздэг. Ер нь бол их, дээд сургуулийг төрөл­жүүлэн хөгжүүлэх дэлхий нийтийн чиг ханд­ла­гад нийцүүлэн өмнө бат­лагдсан  хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах шаардлага бол байсан. Гэхдээ Дээд боловсролын тухай хуулийг шинэчлэн найруулж шинээр батлалгүй, өмнөх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад батлахад л болох байсан.

Энэ хуульд их сургууль нь шинэ мэдлэг үйлдвэрлэх институт гэсэн концепци бүрэн тусгагдаагүй.Судал­гааны их сургуулийг ч тодор­хойлж чадаагүй.Өнөөдөр их сургууль олон төрөл анги­лалтай болж хөгжиж байна.Судалгааны их сур­гууль нь цаашлаад бүр олон төрөл болж байгаа. Их сургуулийн статусыг яам, Магадлангийн бай­гууллагууд сайн  дурын кон­курсийн үндсэн дээр тодор­­­хойлчихдог зүйл. Гэтэл энэ хуульд Засгийн газар өргөн барьж, УИХ хуулиар батална ч гэх шиг эрүүл бус заалт оруулчихсан.Ийм хууль баталж байгаа УИХ, гишүүдээс үнэхээр хариуц­лага шаардах цаг ирсэн.

– Судалгааны их сур­гуулийн хууль тусдаа өр­гөн баригдаад байгаагүй  бил үү?

– Монгол Улсын урт хуга­цааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр болон “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөл­бөр гээд л хаа сайгүй л судалгааны их сургуулийг хөг­жүүлэх дэлхийн чиг хандлагад нийцсэн, алсыг харсан зорилгыг тавьсан нь үнэхээр сайшаалтай. Төр засгийн зүгээс ингэж мөрийн хөтөлбөртөө заасан байтал үүний хэрэгжилтийг хангахад яагаад анхаарахгүй байна вэ.Харамсалтай нь үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх үзэл баримтлал байхгүй, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтгүй тун­хаг­­­лалын чанартай хэдэн өгүүл­бэр л болж хувирлаа.

Засгийн газраас УИХ-д “Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай” хуулийг уг нь тусад нь өргөн барьсан.Дараа нь ажлын хэсэг нь нийлж салсаар Дээд боловсролын тухай хуультай нэгтгэсэн.Манай сургуулийн эрдэмтэн суд­лаачид энэ хуулинд маш их анхаарал тавьж, идэвх зүтгэлтэй оролцсон.УИХ-ын ажлын хэсэгт ч орж ажил­ласан.Харамсалтай нь мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсох битгий хэл, нууцалсан байдалтай байлгаж, гишүүдийг халж солих маягаар муу хуулийг гаргасан нь хэрэгжүүлэх талд асуудал их дагуулах байхаа.

– Та энэ хуулийг өмнөх хуультай харьцуулбал сайжирсан тал байна уу, эсвэл муудсан уу?

–  Аливаа хууль тогтоом­жид засвар оруулахдаа өмнө үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтыг улам боловс­ронгуй болгох зорилготой байдаг.Хууль нь өмнө гарсан зөрчлийг дахиулахгүй байх, болж бүтэхгүй байгааг журам­­лах, олон талт харил­цааг зохицуулах, иргэд олон ний­тийн энх амгалан ор­ших үндсийг тогтоож байх учиртай. 2023 онд батлагдсан Дээд боловсролын тухай хуулийг 2002 онд бат­лагд­сан хууль, түүний нэмэлт өөрчлөлтүүдтэй манай сур­гуулийн эрдэмтэд харьцуулж анализ хийж үзэхэд өмнөх хуулиас үзэл баримтлал, агуулга, хэл, найруулгын хувьд дордсон гэж үзэж болохоор дутагдалтай та­лууд нэлээд гарсан. Дүрэм, журмаар зохицуулж болох заалтуудыг ч их хутгасан.

Энэ хууль нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, Үндсэн хуулийг зөрчсөн заалт олонтой.Хувийн, төрийн­хөөр үнэхээр ял­га­вар­­­ласан.Энэ улсаас ху­вийнх­ныг хөөх нь л хол­гүй байна.Энэ хуульд алдаа мадаг авах юм алга.Логик, найруулга, хуулийн хэл най­руулгад тавигдах шаард­лагуудыг ихээхэн зөрчсөн.

– Шинэ хууль нь үзэл баримтлал, агуулгын хувьд дордсон гэсэн үг үү.Ямар алдаа байна вэ?

– Дэлхийн улс орнууд их сургууль төвтэй шинжлэх ухааныг хөгжүүлж байна.Иймд, дээд боловсролын хууль бусдаас өвөрмөц онцлогтой байх учиртай.Шинээр батлагдсан хуу­линд дээд боловсролын бай­гууллага бол сургалтын байгууллага гэдэг агуулга голлосон.Их сургууль бол сургалтаас гадна шинэ мэд­­лэгийг бий болгох, дам­жуулах шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээний байгууллага гэсэн санаа орхигдсон.Энэ бол энэ хуулийн үзэл баримтлалын томоохон алдаа юм.

Их сургуулийн ангиллын асуудлыг тусгасан байдал нь энэ хуулийн өөр нэг дутагдалтай тал гэж харж байгаа.Энэ хуулийн 7.4-т их сургуулийг судалгааны, сургалтын, мэргэжлийн гэж гурван ангилалтай байхаар заасан.Хэрэв  энэ  ангиллаар их сургуулийг ангилбал маргаан үүснэ. Мэргэжлийн их сургууль гэдэг нь бүр ойлгомжгүй.Түүнийгээ яаж ангилах юм бол доо.Зүй нь их сургуулийн маш олон ангилал бий.Тухайлбал, Дэлхийд их сургуулийг классик их сургууль, сур­галтын их сургууль, интрепренёр их сургууль, вир­таул их сургууль, су­дал­­гааны их сургууль, судал­­гааны интенсив их сургууль, дэлхийн түвшний их сургууль гэх мэт ангилж байна. Сургалтын их сур­гууль (Teaching university), шинжлэх ухааны судалгааг түлхүү хий­­­гээд статусаа ахиулж сургалтын судал­гааны их сургууль (Teaching Research university) болж болно. Энэ олон төрөл, ангилал нь ардаа судалгааны их сургууль гэсэн агуулгыг нэгэн зэрэг хадгалж бас болдог дэлхийн жишиг, турш­­­лага байна.Иймээс энэ хуульд оруулсан ангилал нь шинжлэх ухааны үндэслэл дутмаг, судалгаанд бүрэн үндэслээгүй, ойлгомжгүй байна. Өмнөх хуульд дээд боловсролын сургалтын бай­гуул­лагыг их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн дарааллаар ангилж, “их сургууль” гэж эхэлж байсан нь зүгээр нэг дураар ангилсан хэрэг  биш. Гэтэл  энэ  хуулинд “коллеж” гэж  ангиллыг эхэлж байгаа нь үзэл баримтлал, зарчмын хувьд бас нэг ух­ралт бол­­­сон. Монгол хэлэнд өгүүл­бэрийн эх­ний  байр­лалд ач холбогдол өндөр үг тавигддаг даа.

Эдгээрээс гадна энэ хуулийн өөр нэг алдаа нь 11 дүгээр зүйлд заасан Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион бай­гуулалтын бүтцэд “Удирдах зөвлөл”-ийг  тусгаагүй  хассан хэрнээ, хойно  хуулийн 26 дугаар зүйлд Дээд боловс­ролын сургалтын бай­гуул­лагын удирдах зөвлөлийг оруулж  ирсэн. Түүнчлэн Дээд боловсролын зөвлөлийн бүрэлдэхүүний тухай 25.3-т Зөвлөл нь төрийн, дээд боловсролын сургалтын бай­гууллага, эрдэм шинжил­гээний байгууллага болон үйлдвэр, аж ахуйн нэгж, оюутны төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэй байна гэж заасан хэсэгт “…төрийн, …” гээд орхисон нь төрийн сайд уу, төрийн албан тушаалтан, төрийн байгууллага уу гэдэг нь ойлгомжгүй. Энэ мэтээр бүхэл бүтэн үг хаясан, логик алдагдуулсан жишээнүүд энэ хуульд нэлээд бий.Хуульд үг гээх бүү хэл цэг таслал бүхэн утга учиртай байдаг.Ер нь энэ хуулийг мэргэжлийн хүн хүртэл уншиж ойлгоход бэрх хууль болсон.

Ийм хариуцлагагүй хууль гаргаад эхнээсээ  бид тайл­бар шаардлага та­виад эхлэхээр олон хүн саналаа өгсөн, их хэлэлцсэн гэж өөрсдийгөө өмөөрөөд л эхэлж байна. Энэ  нь тайл­бар биш. Ардчилсан, хүмүүнлэг, хууль ёст ний­гэмд  бид ажиллаж амьдарч байгаа билээ.

– Таны ярианд их дур­дагдлаа.Их сур­гуу­лийн шинжлэх ухаан, шинэ мэдлэгийг бүтээх, судал­гааны их сур­гуулийг хөг­жүүлэхэд Дээд боловс­ролын тухай хуу­лийн шинэ­­чилсэн най­руулга дорвитой эерэг нө­лөө үзүүлж чадах болов уу?

– Монгол Улсын дээд боловсролд ололт амжилт олон байдаг ч засч сайж­руулах зүйл ч олон бий.Дэлхийн дээд боловсролын хөгжлийн чиг хандлага болсон дэлхийн түвшний судалгааны их сургуулийг хөгжүүлж шинэ мэдлэгийг бүтээх, шинжлэх ухааны эргэлтэд оруулах, түгээх харилцааг зохицуулах эрх зүйн орчны хувьд шинэ хуульд сэтгэл дундуур байгаа.“Эрдэм шинжилгээ, инноваци” гэсэн бүлэг хуульд шинээр орсон нь сайшаалтай боловч агуулгын хувьд ач холбогдол багатай болсон.Өөрөөр хэлбэл, их сургуулийн шинж­­­­лэх ухаан, шинэ мэдлэг бүтээх, хөгжүүлэх чиг үүргийг орхигдуулсан.Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд шинжлэх ухаан хийх­дээ олон улсын түвшинд сэтгэх чадвартай, салбарын тэргүүлэх эрдэмтдийг профес­­сорын багийн зохион байгуулалтаар ажиллуулдаг сайн туршлагыг өмнөх хуулийн 5.1-д Их сургууль нь профессорын багт тул­гуурласан зохион байгуулалтын нэгжтэй байж болно гэж заасан байсныг шинэ хуульд хасч томьёол­сон нь их сургуулийн шинжлэх ухааныг үгүй хийх хор уршигтай юм.

– Одоо тэгээд цаашид яах вэ?

– Хатуухан хэлэхэд боловс­­ролоо ад үзсэн улс мөхнө.Олон чанаргүй их сургууль байна л гэнэ.Энэ жараад байгууллага нь их, дээд сургууль, коллежид хуваагддаг.Суралцагчдын тоо нь нэг л улсын нэг л жижиг сургуулийн дайтай. Муулахаасаа илүү яаж дэм­жих талаар төрийн  бодлого нь хаана байна. Ямар сургуулиа олон улсад өрсөлдүүлэх гэж байгаа юм бэ.Яаж хөгжүүлэх гээд байгаа юм бэ.Өмнөх зас­гийн ололт амжилтыг яагаад самраад байгаа юм бэ.Их сургуулийн амин сүнс болсон академик эрх чөлөө, өрсөлдөх чадварыг яагаад боогоод байгаа юм бэ.

Дэлхийн улс орнууд дээд боловсролыг шинжлэх ухаантай нь нягт холбоод байхад манайх яагаад зорилго, чиглэл огт өөр мэр­гэжлийн боловсролтой нэгтгээд байгаа юм бэ.Ийм ухралт манайхаас өөр газар алга.Хууль дүрэм байнгын зөрчөөстэй, хаашаа ч юм бэ, үнэндээ.

Их сургуулийн шинжлэх ухаан ч хөгжихгүй, бака­лаврын оюутны төлбөр дээр тогтсон коллеж мая­гийн дээд боловсролтой байна.Хэрэгтэй, хэрэггүй статистик тооцоо, цаасанд дарагдсан, шинэ зүйлийг ойлгох чадваргүй, хэтэрхий хоцрогдсон, дарамттай, зөрчилтэй мэргэжлийн бус шийдвэр ажилд саад, амьд­ралд төвөг болж байна.Гадаадад явахыг уриалах, гайхамшиг тэнд байгааг сурталчлах биш, Монголын бо­ловсролыг өмөөрөх Монголын төртэй болмоор байна.

Манай  сургуулийн  эрдэмтэд их сургуулийг хөгжүүлэх талаар олон ч хурал зохиож, санал зөвлөмжөө холбогдох бай­гууллагад хүргүүлэх л юм. Ахиц их муу байна даа.Байдал дээрдэхгүй, өөрчлөгдөхгүй байгаа нь шинэ цаг үеийн агуулгад нийцсэн үзэл баримтлалын дагуу боловсруулсан төрийн бодлого дутагдаж байгаатай холбоотой.

Дээд боловсролын хууль, судалгааны их сургуулийн асуудлаар УИХ-ын дарга, Байнгын хорооны дарга, яамны холбогдох хүмүүст хандаж байгаа.Нэ­гэнт ийм муу хууль гаргасан болохоор дээд боловсролын салбарт өмнө гарсан ололт амжилтаа бууруулахгүй, харин ч түү­­­­­­нийг улам арвижуулж ахиу­лахад онцгой анхаарах шаардлагатай байна.Үүний тулд юуны өмнө Дээд боловс­­­­ролын тухай хуулийн шинэ­­чилсэн найруулгыг дагаж гарах дүрэм, журам, бусад шийдвэрийг мэргэжлийн өндөр түвшинд боловс­руулах, дутуу дулимаг бүх­­нийхээ уршиг дагаврыг багасгах талаас нь хандаж ажиллах ёстой.

Дээд боловсролын сал­бартаа анхаарахгүй бол Монголыг хэн цаашид авч явах вэ гэдэг л асуудалтай л тулна даа.Цөөхөн хүн ам­­тай улс тэр тусмаа маш өндөр мэд­лэг боловсролтой байж л оршин тогтнох бус уу.

– Сая дээд боловс­ролын байгууллагуудыг  эрэмбэллээ. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?

– Дээд боловсролын байгууллагын эрэмбэ чансаа тогтоодог олон улсын, бүс нутгийн, үндэсний гээд янз бүрийн байгууллагууд байдаг.GS, THE, ARWU гэх мэт.Шалгуурууд ч янз бүр. Ер нь дэлхийн чансаанд ороход хөрөнгө мөнгөний асуудал гардаг тул хөгжиж буй улсууд  төдийлөн ороод бай­даггүй. Голдуу сайн дураар эрэмбэд оролцдог.

Эрэмбэ, чансаа тогтоох хэрэгтэй, гэхдээ ингэж хийдэггүй юм. Ийм эрээ цээргүй юм хийж болохгүй!

Манайх эхлээд үндэсний эрэмбэ тогтоох шалгуур ил тод нээлттэй  гаргах хэрэг­тэй. Коллеж, их сургууль, бака­лавр­­гүй  их сургуулийг хүртэл адил шалгуураар шүүнэ гэж юу байдаг юм.

Топ нь хэдэн улсын сургууль, эрдэмтэн бэлт­гэдэггүй ганц нэг улстөрчийн сургууль байх шив.

Төрийн хэдэн сургууль­даа олон тэрбумаар төсөл хөтөлбөр өгч л байдаг, тэдний манлайлал нь хаана байна. МУБИС гэхэд л яаж унасан билээ, салбарынхан бүгд л мэдэж байгаа!  Дээд боловсролын салбарт Шудар­га өрсөлдөөн нэн чухал.Манай сургууль зөвхөн магистр, доктор бэлт­гэдэг дэлхийн маш цөөхөн сургуулийн нэг.Эрдэмтэд бэлтгэх олон жилийн турш­лагатай, шинжлэх ухааны шинэ дэг сургууль олныг бий болгосон гавьяатай. Төгсөгч­дийн ажил эрхлэлт, карьер өсөлтөөр бид тэргүүлнэ гэж зоригтой  хэлж  чадна, бидэнд судалгаа байна. Өнөөдөр сургуулийн чансааг  тогтоох  гол  үзүү­лэлт нь энэ болж байгаа. Гэтэл дэлхийн жишгээр бус яам­ны үзэмжээр гаргасан энэ эрэмбэд юу нь чухал болохыг ойл­гоход бэрх.Ганц ч доктор бэлтгэж үзээ­гүй сур­гуулиуд нь топ болж байна гэхээр ярих юм ч алга.

П.БАЯР

mn