Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь судалгаа, инновацыг дэмжих, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэн шийдвэрлэх зорилгын хүрээнд “Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол Улс” сэдэвт шинжлэх ухаан–практикийн хэлэлцүүлгийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.


Тус хэлэлцүүлэг нь Монгол Улсад судалгааны их сургууль үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургуулийн 100 гаруй эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачид орчин үеийн дээд боловсролын хөгжил, нээлттэй шинжлэх ухааны чиг хандлага, их сургуулийн үүрэг, судалгаанд суурилсан инновацын тогтолцооны асуудлуудыг хэлэлцэн, их сургуулиуд нь зөвхөн сургалтын байгууллага бус мэдлэг бүтээх, бодлого тодорхойлох стратегийн институц болон хөгжиж буйг онцлон тэмдэглэж, Монгол Улсад их сургуулийн төрөлжилт, судалгааны чадавх, инновацын үйл ажиллагааг бэхжүүлэх шаардлага байгааг дүгнэлээ. Оролцогчид дээд боловсрол, шинжлэх ухааны тогтолцоог шинэчлэх хүрээнд их сургуулийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, эрдмийн эрх чөлөөг хангах, судалгаанд суурилсан санхүүжилтийн механизмыг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын оролцоог бодлого боловсруулах түвшинд нэмэгдүүлэх нь чухал болохыг онцолсон юм.



Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээнд дэлхий дахинд мэдлэг, инновац, технологид суурилсан хөгжил давамгайлж буй өнөө үед дээд боловсрол, шинжлэх ухааны салбарыг бодлогоор дэмжих, үндэсний судалгааны чадавхыг бэхжүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэсэн байна.
Хэлэлцүүлгийн үр дүнд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэл бүхий санал, зөвлөмж боловсруулан Монгол Улсын төрийн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.



Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь 2016 оноос магистр, докторын сургалтыг дагнан хэрэгжүүлж буй судалгааны их сургуулийн хувьд өндөр мэдлэг, ур чадвартай эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, салбар дундын судалгааг хөгжүүлэх, инновацыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлж, улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.


