“Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотод нээлтээ хийлээ 

Улаанбаатар – РИА Новости. 9-р сарын 22-ны өдөр Улаанбаатар дахь Русский Дом-д Японы милитаризмын эсрэг тэмцсэн ЗХУ, Монголын хамтарсан тэмцлийн түүхийг өгүүлэх “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн төслийн үзэсгэлэн ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэн нь “Россия сегодня” олон улсын мэдээллийн агентлагийн эрх эзэмшдэг, Зөвлөлтийн мэдээллийн товчооны давтагдашгүй гэрэл зургийн архивд суурилсан юм. Дайны сурвалжлагчдын ховор гэрэл зургуудад: Говийн цөл, хуягт техникийн цуваа, Хянганы даваан дээрх танкчид, Зөвлөлтийн офицерууд болон Монголын дайчид, чөлөөлөгдсөн нутгийн иргэдтэй уулзаж буй зэрэг түүхэн агшнууд мөнхлөгджээ. 

Зөвлөлт-Японы дайн нь Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл төдийгүй, зэвсэгт мөргөлдөөний түүхэн дэх хамгийн томоохон бөгөөд хурдан явагдсан цэргийн ажиллагаануудын нэг байсан юм. Түрэмгийлэгчийн эсрэг хамтдаа тэмцсэн энэхүү тэмцэл нь ЗХУ, Монголын ард түмний хүчин чармайлтыг нэгтгэж, энх тайван, шударга ёсны төлөөх тэмцэлд бат бэх хөрш зэргэлдээ харилцаа, эв нэгдлийн эхлэлийг тавьсан билээ. 

“Монгол Улс нь дайн эхэлсэн эхний өдрөөс л Улаан армид бүх талаар дэмжлэг үзүүлж, Германы фашизм болон Японы милитаризмтай тэмцэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Манай төсөл нь Орос, Монголын ард түмний хамтын дурсамж, түүхэн үнэнийг хадгалах зорилготой бөгөөд тэр үеийн баатруудын гавьяаг гэрчлэх баримтат гэрэл зургууд юм” хэмээн “Россия сегодня” медиа группийн Ерөнхий редакторын нэгдүгээр орлогч Сергей Кочетков онцлон тэмдэглэв. 

“Бидний “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” төсөл нь юун түрүүнд залуу үеийнхэнд чиглэсэн бөгөөд манай гэрэл зургийн үзэсгэлэнгийн баримтат материал Монгол Улсын хэд хэдэн талбайд тавигдах болсонд бид маш их баяртай байна” хэмээн “Россия сегодня” медиа группийн Олон улсын хамтын ажиллагаа, агентлагийн имиж төсөл удирдлагын хэлтсийн дарга Кристина Лях нээлтийн ёслолын үеэр мэдэгдэв. 

ОХУ-д уг төсөл нь Алс Дорнодын боловсролын байгууллагууд болох Владивосток, Хабаровск, Өмнөд Сахалин, Камчаткад танилцуулагдсан бөгөөд олон улсын хэсэг нь энэ оны есдүгээр сард Бээжин, Карачи хотуудад эхэлж, цаашид Хятад, Монгол, Солонгосын боловсролын болон соёлын байгууллагуудад үргэлжлэх юм. Мөн түүнчлэн Монголд 9-р сарын 24-нд тус үзэсгэлэн Монгол Улсын Эрдмийн Их сургуульд нээлтээ хийлээ. 

en_US