2023/10/1
Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Бизнесийн эрдмийн сургуулийн захирал, доктор, профессор А.Гэлэгжамцтай ярилцлаа.
– Монгол Улс дээд боловсролыг хөгжүүлэх тал дээр ямар бодлого хэрэгжүүлж байна вэ.Саяхан Боловсролын багц хууль батлагдлаа. Эдгээр хуулийг мэргэжлийн хүний хувьд та хэрхэн дүгнэх вэ?
– Хамгийн түрүүнд бид дээд боловсролын дэлхийн хөгжлийн чиг хандлагыг гүнзгий судалж, тэдний хөгжлөөс хоцрохгүй байх нь чухал.Өнөөдөр дэлхий даяараа дээд боловсрол, тэр тусмаа их сургуулийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байна.Учир нь нийгмийн хөгжлийн тодорхойлох гол хүч, чиг хандлагыг заагчид нь их сургуулиуд болоод байгаа юм.Хүн төрөлхтний оршин тогтнох асуудал, улс орны хөгжлийн гарцыг шийдвэрлэгчид нь шинэ мэдлэгийг бий болгодог их сургуулиуд болоод байгаа.Мэдлэггүйгээр юуг ч шийдэж чадахгүй эрин үе ирчихээд байгаа шүү дээ.Өндөр хөгжилтэй улсуудын хөгжсөн зам нь ердөө л энэ.
– Дээд боловсролын хуулийн талаар ямар дүгнэлттэй байна вэ.Хэр чамбай хууль болов?
– Багагүй хугацаа зарцуулж, нэлээд шүүн тунгааж баталсан хэмээн хууль санаачлагчдын зүгээс онцолж байсныг санаж байна.Дээд боловсролын үүрэг асар их болсонтой холбоотойгоор улс орнууд Дээд боловсрол, шинжлэх ухааны яамыг тусад нь гаргаж байна.Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны агуулга хүчтэй тавигдах болсон.Их сургууль төвтэй шинжлэх ухаан хөгжиж нийгмийг урагшлуулж байгаа үе шүү дээ.Тэгэхээр ийм онцлогтой цаг үеийн боловсролын багц хууль бол мэдээж үзэл баримтлал, агуулга, мөн чанарын хувьд тэрхүү нөхцөлийг оновчтой тооцоолж, тусгасан байх шаардлагатай.Монгол Улсын боловсролын тогтолцооны хөгжлийн явцад Дээд боловсролын тухай хуулийг анхлан 2002 онд баталсан байдаг.Түүнээс хойш 11 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулжээ.Харин 2016 онд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн үзэл баримтлал, агуулга, хэл найруулгын хувьд цэгцтэй сайн бичигдсэн гэж мэргэжлийн хүмүүс, шинжээчид үздэг. Ер нь бол их, дээд сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн өмнө батлагдсан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бол байсан. Гэхдээ Дээд боловсролын тухай хуулийг шинэчлэн найруулж шинээр батлалгүй, өмнөх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад батлахад л болох байсан.
Энэ хуульд их сургууль нь шинэ мэдлэг үйлдвэрлэх институт гэсэн концепци бүрэн тусгагдаагүй.Судалгааны их сургуулийг ч тодорхойлж чадаагүй.Өнөөдөр их сургууль олон төрөл ангилалтай болж хөгжиж байна.Судалгааны их сургууль нь цаашлаад бүр олон төрөл болж байгаа. Их сургуулийн статусыг яам, Магадлангийн байгууллагууд сайн дурын конкурсийн үндсэн дээр тодорхойлчихдог зүйл. Гэтэл энэ хуульд Засгийн газар өргөн барьж, УИХ хуулиар батална ч гэх шиг эрүүл бус заалт оруулчихсан.Ийм хууль баталж байгаа УИХ, гишүүдээс үнэхээр хариуцлага шаардах цаг ирсэн.
– Судалгааны их сургуулийн хууль тусдаа өргөн баригдаад байгаагүй бил үү?
– Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр болон “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөр гээд л хаа сайгүй л судалгааны их сургуулийг хөгжүүлэх дэлхийн чиг хандлагад нийцсэн, алсыг харсан зорилгыг тавьсан нь үнэхээр сайшаалтай. Төр засгийн зүгээс ингэж мөрийн хөтөлбөртөө заасан байтал үүний хэрэгжилтийг хангахад яагаад анхаарахгүй байна вэ.Харамсалтай нь үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх үзэл баримтлал байхгүй, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтгүй тунхаглалын чанартай хэдэн өгүүлбэр л болж хувирлаа.
Засгийн газраас УИХ-д “Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай” хуулийг уг нь тусад нь өргөн барьсан.Дараа нь ажлын хэсэг нь нийлж салсаар Дээд боловсролын тухай хуультай нэгтгэсэн.Манай сургуулийн эрдэмтэн судлаачид энэ хуулинд маш их анхаарал тавьж, идэвх зүтгэлтэй оролцсон.УИХ-ын ажлын хэсэгт ч орж ажилласан.Харамсалтай нь мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсох битгий хэл, нууцалсан байдалтай байлгаж, гишүүдийг халж солих маягаар муу хуулийг гаргасан нь хэрэгжүүлэх талд асуудал их дагуулах байхаа.
– Та энэ хуулийг өмнөх хуультай харьцуулбал сайжирсан тал байна уу, эсвэл муудсан уу?
– Аливаа хууль тогтоомжид засвар оруулахдаа өмнө үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох зорилготой байдаг.Хууль нь өмнө гарсан зөрчлийг дахиулахгүй байх, болж бүтэхгүй байгааг журамлах, олон талт харилцааг зохицуулах, иргэд олон нийтийн энх амгалан орших үндсийг тогтоож байх учиртай. 2023 онд батлагдсан Дээд боловсролын тухай хуулийг 2002 онд батлагдсан хууль, түүний нэмэлт өөрчлөлтүүдтэй манай сургуулийн эрдэмтэд харьцуулж анализ хийж үзэхэд өмнөх хуулиас үзэл баримтлал, агуулга, хэл, найруулгын хувьд дордсон гэж үзэж болохоор дутагдалтай талууд нэлээд гарсан. Дүрэм, журмаар зохицуулж болох заалтуудыг ч их хутгасан.
Энэ хууль нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, Үндсэн хуулийг зөрчсөн заалт олонтой.Хувийн, төрийнхөөр үнэхээр ялгаварласан.Энэ улсаас хувийнхныг хөөх нь л холгүй байна.Энэ хуульд алдаа мадаг авах юм алга.Логик, найруулга, хуулийн хэл найруулгад тавигдах шаардлагуудыг ихээхэн зөрчсөн.
– Шинэ хууль нь үзэл баримтлал, агуулгын хувьд дордсон гэсэн үг үү.Ямар алдаа байна вэ?
– Дэлхийн улс орнууд их сургууль төвтэй шинжлэх ухааныг хөгжүүлж байна.Иймд, дээд боловсролын хууль бусдаас өвөрмөц онцлогтой байх учиртай.Шинээр батлагдсан хуулинд дээд боловсролын байгууллага бол сургалтын байгууллага гэдэг агуулга голлосон.Их сургууль бол сургалтаас гадна шинэ мэдлэгийг бий болгох, дамжуулах шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээний байгууллага гэсэн санаа орхигдсон.Энэ бол энэ хуулийн үзэл баримтлалын томоохон алдаа юм.
Их сургуулийн ангиллын асуудлыг тусгасан байдал нь энэ хуулийн өөр нэг дутагдалтай тал гэж харж байгаа.Энэ хуулийн 7.4-т их сургуулийг судалгааны, сургалтын, мэргэжлийн гэж гурван ангилалтай байхаар заасан.Хэрэв энэ ангиллаар их сургуулийг ангилбал маргаан үүснэ. Мэргэжлийн их сургууль гэдэг нь бүр ойлгомжгүй.Түүнийгээ яаж ангилах юм бол доо.Зүй нь их сургуулийн маш олон ангилал бий.Тухайлбал, Дэлхийд их сургуулийг классик их сургууль, сургалтын их сургууль, интрепренёр их сургууль, виртаул их сургууль, судалгааны их сургууль, судалгааны интенсив их сургууль, дэлхийн түвшний их сургууль гэх мэт ангилж байна. Сургалтын их сургууль (Teaching university), шинжлэх ухааны судалгааг түлхүү хийгээд статусаа ахиулж сургалтын судалгааны их сургууль (Teaching Research university) болж болно. Энэ олон төрөл, ангилал нь ардаа судалгааны их сургууль гэсэн агуулгыг нэгэн зэрэг хадгалж бас болдог дэлхийн жишиг, туршлага байна.Иймээс энэ хуульд оруулсан ангилал нь шинжлэх ухааны үндэслэл дутмаг, судалгаанд бүрэн үндэслээгүй, ойлгомжгүй байна. Өмнөх хуульд дээд боловсролын сургалтын байгууллагыг их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн дарааллаар ангилж, “их сургууль” гэж эхэлж байсан нь зүгээр нэг дураар ангилсан хэрэг биш. Гэтэл энэ хуулинд “коллеж” гэж ангиллыг эхэлж байгаа нь үзэл баримтлал, зарчмын хувьд бас нэг ухралт болсон. Монгол хэлэнд өгүүлбэрийн эхний байрлалд ач холбогдол өндөр үг тавигддаг даа.
Эдгээрээс гадна энэ хуулийн өөр нэг алдаа нь 11 дүгээр зүйлд заасан Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтцэд “Удирдах зөвлөл”-ийг тусгаагүй хассан хэрнээ, хойно хуулийн 26 дугаар зүйлд Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийг оруулж ирсэн. Түүнчлэн Дээд боловсролын зөвлөлийн бүрэлдэхүүний тухай 25.3-т Зөвлөл нь төрийн, дээд боловсролын сургалтын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага болон үйлдвэр, аж ахуйн нэгж, оюутны төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэй байна гэж заасан хэсэгт “…төрийн, …” гээд орхисон нь төрийн сайд уу, төрийн албан тушаалтан, төрийн байгууллага уу гэдэг нь ойлгомжгүй. Энэ мэтээр бүхэл бүтэн үг хаясан, логик алдагдуулсан жишээнүүд энэ хуульд нэлээд бий.Хуульд үг гээх бүү хэл цэг таслал бүхэн утга учиртай байдаг.Ер нь энэ хуулийг мэргэжлийн хүн хүртэл уншиж ойлгоход бэрх хууль болсон.
Ийм хариуцлагагүй хууль гаргаад эхнээсээ бид тайлбар шаардлага тавиад эхлэхээр олон хүн саналаа өгсөн, их хэлэлцсэн гэж өөрсдийгөө өмөөрөөд л эхэлж байна. Энэ нь тайлбар биш. Ардчилсан, хүмүүнлэг, хууль ёст нийгэмд бид ажиллаж амьдарч байгаа билээ.
– Таны ярианд их дурдагдлаа.Их сургуулийн шинжлэх ухаан, шинэ мэдлэгийг бүтээх, судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга дорвитой эерэг нөлөө үзүүлж чадах болов уу?
– Монгол Улсын дээд боловсролд ололт амжилт олон байдаг ч засч сайжруулах зүйл ч олон бий.Дэлхийн дээд боловсролын хөгжлийн чиг хандлага болсон дэлхийн түвшний судалгааны их сургуулийг хөгжүүлж шинэ мэдлэгийг бүтээх, шинжлэх ухааны эргэлтэд оруулах, түгээх харилцааг зохицуулах эрх зүйн орчны хувьд шинэ хуульд сэтгэл дундуур байгаа.“Эрдэм шинжилгээ, инноваци” гэсэн бүлэг хуульд шинээр орсон нь сайшаалтай боловч агуулгын хувьд ач холбогдол багатай болсон.Өөрөөр хэлбэл, их сургуулийн шинжлэх ухаан, шинэ мэдлэг бүтээх, хөгжүүлэх чиг үүргийг орхигдуулсан.Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд шинжлэх ухаан хийхдээ олон улсын түвшинд сэтгэх чадвартай, салбарын тэргүүлэх эрдэмтдийг профессорын багийн зохион байгуулалтаар ажиллуулдаг сайн туршлагыг өмнөх хуулийн 5.1-д Их сургууль нь профессорын багт тулгуурласан зохион байгуулалтын нэгжтэй байж болно гэж заасан байсныг шинэ хуульд хасч томьёолсон нь их сургуулийн шинжлэх ухааныг үгүй хийх хор уршигтай юм.
– Одоо тэгээд цаашид яах вэ?
– Хатуухан хэлэхэд боловсролоо ад үзсэн улс мөхнө.Олон чанаргүй их сургууль байна л гэнэ.Энэ жараад байгууллага нь их, дээд сургууль, коллежид хуваагддаг.Суралцагчдын тоо нь нэг л улсын нэг л жижиг сургуулийн дайтай. Муулахаасаа илүү яаж дэмжих талаар төрийн бодлого нь хаана байна. Ямар сургуулиа олон улсад өрсөлдүүлэх гэж байгаа юм бэ.Яаж хөгжүүлэх гээд байгаа юм бэ.Өмнөх засгийн ололт амжилтыг яагаад самраад байгаа юм бэ.Их сургуулийн амин сүнс болсон академик эрх чөлөө, өрсөлдөх чадварыг яагаад боогоод байгаа юм бэ.
Дэлхийн улс орнууд дээд боловсролыг шинжлэх ухаантай нь нягт холбоод байхад манайх яагаад зорилго, чиглэл огт өөр мэргэжлийн боловсролтой нэгтгээд байгаа юм бэ.Ийм ухралт манайхаас өөр газар алга.Хууль дүрэм байнгын зөрчөөстэй, хаашаа ч юм бэ, үнэндээ.
Их сургуулийн шинжлэх ухаан ч хөгжихгүй, бакалаврын оюутны төлбөр дээр тогтсон коллеж маягийн дээд боловсролтой байна.Хэрэгтэй, хэрэггүй статистик тооцоо, цаасанд дарагдсан, шинэ зүйлийг ойлгох чадваргүй, хэтэрхий хоцрогдсон, дарамттай, зөрчилтэй мэргэжлийн бус шийдвэр ажилд саад, амьдралд төвөг болж байна.Гадаадад явахыг уриалах, гайхамшиг тэнд байгааг сурталчлах биш, Монголын боловсролыг өмөөрөх Монголын төртэй болмоор байна.
Манай сургуулийн эрдэмтэд их сургуулийг хөгжүүлэх талаар олон ч хурал зохиож, санал зөвлөмжөө холбогдох байгууллагад хүргүүлэх л юм. Ахиц их муу байна даа.Байдал дээрдэхгүй, өөрчлөгдөхгүй байгаа нь шинэ цаг үеийн агуулгад нийцсэн үзэл баримтлалын дагуу боловсруулсан төрийн бодлого дутагдаж байгаатай холбоотой.
Дээд боловсролын хууль, судалгааны их сургуулийн асуудлаар УИХ-ын дарга, Байнгын хорооны дарга, яамны холбогдох хүмүүст хандаж байгаа.Нэгэнт ийм муу хууль гаргасан болохоор дээд боловсролын салбарт өмнө гарсан ололт амжилтаа бууруулахгүй, харин ч түүнийг улам арвижуулж ахиулахад онцгой анхаарах шаардлагатай байна.Үүний тулд юуны өмнө Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм, журам, бусад шийдвэрийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах, дутуу дулимаг бүхнийхээ уршиг дагаврыг багасгах талаас нь хандаж ажиллах ёстой.
Дээд боловсролын салбартаа анхаарахгүй бол Монголыг хэн цаашид авч явах вэ гэдэг л асуудалтай л тулна даа.Цөөхөн хүн амтай улс тэр тусмаа маш өндөр мэдлэг боловсролтой байж л оршин тогтнох бус уу.
– Сая дээд боловсролын байгууллагуудыг эрэмбэллээ. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?
– Дээд боловсролын байгууллагын эрэмбэ чансаа тогтоодог олон улсын, бүс нутгийн, үндэсний гээд янз бүрийн байгууллагууд байдаг.GS, THE, ARWU гэх мэт.Шалгуурууд ч янз бүр. Ер нь дэлхийн чансаанд ороход хөрөнгө мөнгөний асуудал гардаг тул хөгжиж буй улсууд төдийлөн ороод байдаггүй. Голдуу сайн дураар эрэмбэд оролцдог.
Эрэмбэ, чансаа тогтоох хэрэгтэй, гэхдээ ингэж хийдэггүй юм. Ийм эрээ цээргүй юм хийж болохгүй!
Манайх эхлээд үндэсний эрэмбэ тогтоох шалгуур ил тод нээлттэй гаргах хэрэгтэй. Коллеж, их сургууль, бакалавргүй их сургуулийг хүртэл адил шалгуураар шүүнэ гэж юу байдаг юм.
Топ нь хэдэн улсын сургууль, эрдэмтэн бэлтгэдэггүй ганц нэг улстөрчийн сургууль байх шив.
Төрийн хэдэн сургуульдаа олон тэрбумаар төсөл хөтөлбөр өгч л байдаг, тэдний манлайлал нь хаана байна. МУБИС гэхэд л яаж унасан билээ, салбарынхан бүгд л мэдэж байгаа! Дээд боловсролын салбарт Шударга өрсөлдөөн нэн чухал.Манай сургууль зөвхөн магистр, доктор бэлтгэдэг дэлхийн маш цөөхөн сургуулийн нэг.Эрдэмтэд бэлтгэх олон жилийн туршлагатай, шинжлэх ухааны шинэ дэг сургууль олныг бий болгосон гавьяатай. Төгсөгчдийн ажил эрхлэлт, карьер өсөлтөөр бид тэргүүлнэ гэж зоригтой хэлж чадна, бидэнд судалгаа байна. Өнөөдөр сургуулийн чансааг тогтоох гол үзүүлэлт нь энэ болж байгаа. Гэтэл дэлхийн жишгээр бус яамны үзэмжээр гаргасан энэ эрэмбэд юу нь чухал болохыг ойлгоход бэрх.Ганц ч доктор бэлтгэж үзээгүй сургуулиуд нь топ болж байна гэхээр ярих юм ч алга.
П.БАЯР