2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Айбек Бейшеевич Молдогазиев тэргүүтэй төлөөлөгчид, Гадаад харилцааны яамны Азийн газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Т.Эрдэнийнчулуу нар Монгол Улсын Эрдмийн Их Сургуульд зочиллоо.

Уулзалтын үеэр талууд боловсрол, шинжлэх ухаан, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, МУЭИС-ийн дэргэд Киргиз судлалын төв байгуулан хөгжүүлэх, улмаар хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
Түүнчлэн ахисан түвшний оюутан, судлаачдын солилцоог нэмэгдүүлэх, хиймэл оюун ухааныг шинжлэх ухаан, судалгааны үйл ажиллагаанд нэвтрүүлэх, холбогдох хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг өргөжүүлэх, академик болон эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ талууд илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.







