МУЭИС-ийг Төгсөгч эрдэмтэн: Ж.ЗАГАС: Аав минь эх орныхоо төлөө гурван дайнд амь, биеэ үл хайрлан тулалдаж, эрэлхэг гавьяа байгуулсандаа

 Монгол Улсын баатар Норпилын Жамбаа 19 настайдаа буюу 1937 онд цэргийн албанд мордож, Матадын наймдугаар дивизийн 23 дугаар морьт хороонд цэргийн алба хаажээ. Тэрээр 1939 онд 21 настайдаа Халх голын дайнд тулалдаж байсан түүхэн хүмүүсийн нэг. Мөн 1945 оны чөлөөлөх дайн, 1947-1948 оны баруун хязгаарын тулгаралтад оролцож, эх орныхоо төлөө, халуун амь, бүлээн цусаа үл хайрлан зүтгэсэн эрэлхэг баатар билээ. Тиймээс түүх судлаачид түүнийг “Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдсэн гурван дайнд ажил хэрэгчээр оролцсон цорын ганц хүн” хэмээн тодорхойлсон байдаг. 

   Тэрээр 1938 оны арванхоёрдугаар сард Заставын дарга П.Чогдонгийн тушаалаарТалын манханд манааны үүрэг гүйцэтгэж байхдаа харанхуйд бүсэлж ирсэн дайсны түрүүч 30-40 метрт ойртож ирэхэд хоёр удаа гранатаа шидэж, хилчин Даший, Намбар хоёр буугаа онилон галлаж, 60 гаруй дайсан, тэдний 40 гаруй буу, зэвсэг, бичиг баримтыг устгасан гэдэг. 1939 оны тавдугаар сарын эхээр Хайлааст манханд манаа ахлан 400 орчим дайсантай тулалдсан, Бойтогт манханд заставын хүчээр дайсныг гурван талаас нь бүслэн устгахад нэг хэсгийг нь удирдсан, 1939 оны зургадугаар сард дайсны ард гарч хүнсний малаа авчирч цэргүүдээ хоолтой залгуулсан, 1939 оны зургадугаар сарын сүүлчээр Хулд ууланд дайсны ар тал, бэлтгэл хүчийг устган чөлөөлсөн, хилчин хилчин М.Гаасүрэнгийн шарилыг дайсны галын дундуур авч ирсэн зэргээр түүний гавьяаг дурдаж баршгүй юм. Ингээд гурван дайны баатар Н.Жамбаагийн эрэлхэг, эх оронч үйлсийнх нь тухай охин Загастай нь ярилцлаа.

-Таны аавыг гурван дайнд оролцсон баатар гэдгийг уншигчид андахгүй байх. Харин хэрхэн тулалдаж, яаж унаж, босож, тэмцэлдэж байсныг нь та ярьж өгөөч?

       -Аав минь дайнд оролцож байсан тухайгаа бидэнд тодорхой ярьдаггүй байсан. Хүмүүст ч тэр тухайгаа төдийлөн ярихгүй. Халх голын дайн эхлэх үеэр дайснууд тагнуулаа илгээж, хил vймvvлэх, өдөөн хатгах ээргээр халддаг байсан юм билээ. Нэг удаа аав отрядын комиссар Б.Цэвэгжав гуайтай харуулд гарч байхдаа  дайсны 10 орчим цэрэгтэй таарсан гэдэг. Тэд хэсэг тулалдаж, манай тал ялж байсан болохоор япончуудын гарыг өргүүлж, бууг нь хурааж байтал нэг нь буугаа тайлах гэж байгаад эвгүй хөдөлсөнд Б.Цэвэгжав гуай уурсаж, дахин ноцолдсон гэдэг. Тухайн үед аавын буу гацсан байсан учир тэднийг салгахаар бууныхаа араар цохитол хоёулаа ухаангүй болсонд аав их айсан юм билээ. Удалгүй тэд сэргэсэн ч гэхэд л байлдааны 600 орчим онгоц нисэж байсан” гэж ярьдаг. Том гүрний хувьд зэвсгийн хүчээр манай нутгийг санаархсан ч хэдхэн хилийн цэргийн баатрууд тэднийг Монголын нутаг дэвсгэрээс гаргаж чадсан нь хамгийн агуу юм.

    Аав тулалдаж чадахгүй болтлоо шархдаж байгаагүй юм уу эсвэл яаж ч гэмтэж, бэртсэн тэсээд туулдаг, байлддаг байсан юм уу бүү мэд. Хахир хүйтэн, аагим халууны алинд нь ч эх орноо хамгаалахаар дайснуудтай халз тулалддаг байсан нь л үнэн түүх юм шүү дээ. Дал, мөр нь гэмтэж шархтсан ч нойтон мах тавьж боогоод л явдаг байсан гэж ярьдаг. Хэдэн өдрөөр тулалдаж яваад ирэхэд нь тавьж боосон мах нь хорчийтлоо хатчихсан байдаг гэсэн шүү. Аав минь тэгээд яаж ийгээд монгол аргаар аргалдаг байсан юм байлгүй дээ.  

-Н.Жамбаа гуайг дайны үеийн сайн тагнуулуудын нэг байсан гэж ярьдаг юм билээ. Энэ тухай та мэдэх үү?

      -Аав дайны жилүүдэд 30 гаруй удаа тагнуулд явж үүргээ амжилттай биелүүлж байсан гэдэг. Халх голын дайны дараа Өмнөговийн Замын бэх гэх газар очиж тагнуул болсон гэж мөр зэрэгцэн ажиллаж байсан дайчид нь дурсдаг байлаа. Аав минь тагнуулын ажлаар 16 удаа хил давсан гэсэн. Тэгэхээр гарамгай сайн тагнуулуудын тоонд багтах нь аргагүй.

-ААВ МИНЬ БАРИЛДДАГ БАЙСАН ТУЛДАА ОЛОН ДАЙСНЫ ГАРААС МУЛТАРСАН ГЭЖ ЯРЬДАГ БАЙЛАА-

-Аав тань дайны үед юугаараа онц гарамгай байж эх орноо, цэргүүдээ, өөрийгөө хамгаалан үлдэж чадсан юм бол?

     -Аав багадаа ан гөрөө хийдэг байсан болоод ч тэр үү заставдаа мэргэн бууч гэдгээрээ алдартай байсан гэдэг. Дайны гол объектод байлдаж, дайсны гол хүнийг нь устгадаг байсан юм билээ. Устгасан даруйд дайсны талын цэргүүд ухарч, буцдаг байсан гэдэг. Бас барилддаг байсан болохоор гартаа бяртай. Ховд аймгийн наадамд барилдаж, аймгийн арслан болж байсан юм билээ. Тийм болохоор зэвсгээ хаяад тулаад ирсэн дайснуудыг нам дардаг байсан биз. Хожим өөрийгөө барилддаг байсан тулдаа л олон дайсны гараас мултарч, амьд гарсан даа гэж бахархан ярьдаг байж билээ. 

     Дайсны эсрэг байлдахдаа цэргүүдээ олон, сүртэй харагдуулах гэж төлөвлөж, хичээдэг байсан гэдэг. 1947 оны баруун бүсийн тулгаралтаар хасгууд их хэрцгий байсан юм билээ.

Монгол цэргүүдийг олзолж, чих, хэлийг нь тасдаж яргалдаг байсан гэдэг. Япон цэрэг дайраад ирэхэд аавд “Эд нар яах гэж манай нутаг дэвсгэр рүү орж ирдэг билээ” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг байсан гэдэг. Тэр бүхэнтэй аав халуун амиа үл хайрлан тэмцэж байсан гэхээр бид баярлаж, бахархахгүй байхын аргагүй шүү дээ. Тухайн үед ээж хүртэл аавыг хамгаалдаг байсан гээд бод л доо. 

-Аавыг тань яаж хамгаалдаг байсан юм бол?

     -Ээж 1943 онд 16 настайдаа аавтай танилцаж, гэр бүл болсон юм билээ. Ингэснээр 1945 оны чөлөөлөх дайн, 1947-1948 оны баруун бүсийн тулгаралтын дайнд оролцсон түүхэн эмэгтэй байлаа. 16-хан настайдаа аавыг дагаж хил дээр амьдарч, цэргүүдийн хоол, цайг нь бэлдэх, хувцсыг нь угаахаас эхлээд ар талынх нь ажлыг бүрэн хариуцдаг байсан гэдэг. Мөн хилийн холбоочин байсан.

Тухайн үед хасгууд таарсан болгоноо яргалдаг байсан үед хүүхдүүдээ хаданд нуучихаад буутай манаж зогсдог байсан юм билээ. Заримдаа тэднийг айлгах, ойр хавьдаа хүн байгаа эсэхийг мэдэх гэж хий бууддаг байсан гэдэг. Бас аавыг минь шөнө бие засахаар гарахад ээж хажууд нь буутай манадаг байсан тийм л үе.

Аавыг “Чи яах гэсэн юм бэ. Ор, ор” гэхэд нь ээж “Хасгууд чамайг аваад явчихвал яах юм бэ” гээд зогсчихдог байсан гэдэг. Ээжийн энэхүү зан, чанараараа монгол эмэгтэй хүний хат, сэтгэлийн тэнхээг харж болох байх.

-Таны аав Баянхонгорынх юм билээ. Та эмээ, өвөөгийнхөө талаар мэдэх үү?

     -Аав 1918 онд Баянхонгор аймгийн Богд сумын Ичээтийн толгой хэмээх газар төрсөн юм билээ. Аав, ээж нь багад нь нас барсан учир аав минь эмээгээрээ овоглож, тэднийд өссөн гэдэг. Аав нэг эрэгтэй дүүтэй байсан. 

-Та аав, ээжээс хэдүүлээ вэ. Аавыгаа хаана ажиллаж, амьдарч байхад төрсөн бэ?

     -Би 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. Тухайн үед аав минь Батлан хамгаалах яамны 026 дугаар цэргийн ангийн жолооч байсан. Зуд, гал түймрийн дуудлагад  яваад бүтэн сар болдог байлаа.  Би есөн охин, нэг хүүтэй айлын дундах охин. Аав бидэнд Орхон, Хэрлэн, Булган, Сэлэнгэ, Туул, Онон гээд голын нэр өгсөн юм билээ. Заримынх нь нэр хүндэтсэн учир гурван эгч минь нэрээ солиулсан. Аавыг надад Загас хэмээх нэр өгөхөд нь ээж “Яагаад голын нэр өгөөгүй юм бэ”  гэтэл аав “Ийм олон гол байхад Загас байхгүй яах юм бэ” гэсэн гэдэг. Би хүүхэд насаа аавынхаа машины кабенд өнгөрүүлсэн. Аавыгаа дагаад  Дорнодын бүх заставаар очиж билээ.

-Аавынхаа баатарлаг гавьяаг нь мөнхжүүлэх, хойч үедээ таниулах ямар ажил хийсэн бэ?

     -Аав Халх голын байлдаанаас төрсөн таван баатрын нэг. Тиймээс Дорнод аймгийн Матад сумын Дэгээ голын заставыг 2014 онд аавын нэрэмжит болгосон байдаг. Мөн 2018 онд аавын мэндэлсэний 100 жилийн ой болсон. Ойн хүрээнд цэрэг хувцастай цээж баримлыг нь сүндэрлүүлж, гэр музей байгуулж байсан. 

-Таны аавд хэдэн онд баатар цолыг нь олгосон бэ?

      -Аавыг 1939 оны Халх голын дайнд оролцсоныг нь үнэлж тэр жилийн тавдугаар сарын 29-нд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. Мөн аравдугаар сард нь дахин Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж гавьяаг нь үнэлж, баталж байсан түүхтэй. Түүх судлаач Лувсанвандан гуай аавыг “Н.Жамбаа цэрэг хүний хувьд Цэргийн гавьяаны улаан тугийн I,II дугаар одон авна гэдэг хүн бүхэнд тохиолдож байгаагүй ховор түүх. Түүний энэ гавьяагаар ажил хэрэгч, зоригтой, шийдэмгий хүн байсан гэдгийг илтгэж болно” хэмээсэн байдаг. 1979 онд Халх голын 40 жилийн ойгоор аавд Монгол Улсын баатар цол олгож байсан. Тухайн үед Ю.Цэдэнбал дарга аавын тэмдэгийг энгэрт нь зүүхдээ “Чи эх орны баатар, энх цагийн ч баатар шүү” хэмээсэн байдаг  юм билээ. 

     Халх голын байлдаанд оролцсоноос 40 жилийн дараа аавыг минь  баатар болгож байлаа шүү дээ. Түүнээс өмнө аавыг эх оронч Жамбаа л гэдэг байлаа. Зарим  хүн аавд яагаад баатар цол өгөхгүй байгаа тухай ярихад аав “Намайг түүх гэрчилнэ. Би бие, сэтгэлээ эх орондоо бүрэн зориулсан. Хүмүүс намайг мартахгүй байх” гэж байсан шүү. Ингэж л аав минь 46 жилийн амьдрлаа  армитай холбосон түүхтэй юм даа. 

-Аав нь та нарт юу захиж, хэлдэг байсан бэ?

    -Бид аавынхаа дайчин, шаргуу, хөдөлмөрч, дайчин чанараар нь бахархаж, аав шигээ хүн болох юм сан гэж мөрөөдөж өссөн. Аав биднийг ажил хийж сур, үнэнч, шударга бай гэж хэлдэг байснаас үглэж, зэмлэдэггүй байж дээ. 

-Энх цагийг бидэнд үлдээсэн баатарлаг аавынхаа тухай ярьсанд баярлалаа.

МОНГОЛ УЛСЫН БААТАР Н.ЖАМБААГИЙН ОХИН ЗАГАС: ААВ МИНЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГУРВАН ДАЙНД АМЬ, БИЕЭ ҮЛ ХАЙРЛАН ТУЛАЛДАЖ, ЭРЭЛХЭГ ГАВЬЯА БАЙГУУЛСАН ДАА

en_US