Монгол Улсын Эрдмийн их сургуулийн хүндэт доктор, Япон Улсын иргэн Канто Масатоши-гийн санаачлагаар Монгол Улсаас Япон Улсын Фүкүшима хот руу шууд нислэгтэй анхны аяллыг зохион байгуулах гэж байна. Энэхүү аялал нь Монгол, Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд МУЭИС-ийн удирдлага, багш, ажилтнуудын төлөөлөл бүхий 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 2026 оны 5 дугаар сарын эхээр Япон улсыг зорихоор боллоо.
Аялал нь 7 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд оролцогчид Фүкүшима хотын түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцахаас гадна Японы уламжлалт амьдралын хэв маяг, аялал жуулчлалын хөгжлийн туршлагыг судлах юм. Хөтөлбөрийн хүрээнд Нанко цэцэрлэгт хүрээлэн, Цүчизү сүм, Цүрүга цайз, Тонохэцүри хадан цохио зэрэг түүхэн болон байгалийн дурсгалт газруудаар зочлохын зэрэгцээ Ямагата мужийн Гинзан халуун рашаан, Мацүшима булангийн усан аялал зэрэг онцлох маршрутууд багтсан.
Түүнчлэн Монгол Улсад судалгааны их сургууль байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Эрдмийн их сургуулийн дэргэд “Монгол-Япон Судалгааны Төв (Mongolia Japan Research Center)-ийн нээлтийн ажиллагаа болохтой уялдаж буйгаарай онцлог юм.
Фүкүшимагийн шууд нислэгтэй энэхүү аялал нь хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, соёлын харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам болж байна.
