МУЭИС-ийн төгсөгч  Ш.Чимэдцэеэ “Дуунд залбирсан тавилан” тоглолтоо хийлээ  

Тус сургуулийн төгсөгч, Монгол Улсын Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ Монголын урлагт хагас зуун жил зүтгэж,  дууны урлагт боловсон хүчин бэлтгэх чиглэлээр багшилсны 30 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Дуунд залбирсан тавилан” хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа. 

Улс орон, ард түмнийхээ төлөө энэ насны амьдралаа зориулсан ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн хүндэтгэлийн дуун цэнгүүнд Монголын уртын дууны холбооны 108 дуучин оролцож, Эзэн Чингис хааны үеийн төрийн дуулал “Эртний сайхан” дуугаар ая дуу өргөснөөрөө онцлог байлаа. 

Дуучин Ш.Чимэдцэеэ нь МУЭИС-ийн хэлшинжлэлийн докторантурт суралцаж “Дарьганга ардын дууны хэл-соёлын онцлог” сэдвээр Хэлшинжлэлийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг  2012 онд хамгаалсан юм.  Тэрээр ардын өв соёлыг хамгаалах, судлах түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон арван эрдэм шинжилгээний бүтээл туурвисан. Ардын жүжигчин, доктор (Ph.D), дэд проф. Ш.Чимэдцэеэгийн цаашдын эрдэм судлалын ажил, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. 

en_US