Гадаад улсад очихоор хамгийн түрүүнд гайхан биширдэг зүйл бол байршил тогтоох системийн боловсронгуй байдал. Түүний дээр хаягжилт стандартын дагуу учир такси дуудлага, хоол хүргэлт, нийтийн тээвэр зэрэг нь бараг л худлаа ярьсан хүнд нэг см, нэг минут ч зөрөхгүй.Нэг газраас нөгөөд хүрнэ гэдэг хүн бүрийн анхдагч хэрэгцээ. Харин Монголд энэ хэрэгцээ хангагдаж чадаж байгаа болов уу? Нийслэл хотод байршил тогтоох систем, хаягжилттай холбоотой олон асуудал байгаагийн дотор нийтийн тээврийн асуудал хүн бүрд тулгардаг хамгийн түгээмэл асуудал. Түгжрэлийг бууруулж, нийтийн тээврээр зорчих хүсэл байвч үнэхээр л унаган хотын иргэн биш бол автобусны чиглэл, хуваарийг олж мэдэх тийм ч амар зүйл биш.
Зүүн гар талаас: Нийтлэлч Түшигт, Александр Бакалов
Өнгөрсөн долоо хоногт автобусаар зорчдог зөвхөн Монгол гэлтгүй гадаад хүмүүсийн хувьд ч тун их хэрэг болох ажлыг гүйцэтгэсэн Александр Бакаловтой уулзах боломж гарсан юм. Тэрээр Google Map-д Улаанбаатарын автобусны зогсоол болон маршрутыг оруулжээ. Хамгийн ихээр сэтгэгдэл төрүүлсэн нь тэр энэхүү ажлаа өөрийн сонирхлоор найзуудтайгаа хамтран, нийтэд ил мэдээлэл дээр тулгуурлан хийсэн аж. Google-д танилтай эсэхийг нь асуухад тэрээр “Үгүй ээ, зүгээр л хэдхэн и-мэйл бичээд л болчихсон” гэж хэлсэн нь бид яагаад энэ асуудлыг удаан хугацаанд шүүмжилсэн ч, Александр шиг гаргалгаа гаргаж болоогүй юм бол гэх бодолд хөтөлсөн юм.
СЭДЭЛ ТӨРӨВ
Александр Бакалов өнгөрсөн оны есдүгээр сард Орос, Украйны дайны уршгаар Монголд ирж, МУЭИС-ийн Англи хэлний ангид элсжээ. Тухайн үед Оросоос түүний адилаар олон залуус Монголд ирсэн ч Монгол, тэр дундаа Улаанбаатар хотын тухай Орос хэл дээрх мэдээлэл дутмаг байсан нь найзуудын хамтаар welcome2mongolia.ru сайтыг эхлүүлэх сэдэл болсон байна. Ингээд тус сайт дээр мэдээлэл оруулж, Орос хэлтнүүддээ Монгол улсыг танилцуулах ажилд идэвх гарган зүтгэж эхлэв. Ингэж ажиллахдаа шинэ жилээр Орос паспортоо үзүүлээд үйлчилгээний газруудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх авахаас эхлээд олон ажил санаачилсан гэнэ.
Дээрх төслийн хүрээнд Монголд ирж буй гаднын иргэдэд өдөр тутамд тулгардаг хамгийн том асуудал нь нийтийн тээвэр, тэр дундаа нийтийн тээвэртэй холбоотой мэдээллийн хүртээмжгүй байдал гэдгийг олж мэдсэн байна. Орост байхдаа дижитал бүтээгдэхүүний менежер, маркетингийн чиглэлээр ажиллаж байсан түүний хувьд энэхүү асуудлыг шийдэхээр зориглож, судалгааны ажлаа эхлүүлэв. Ингэж судлахдаа уг асуудал зөвхөн гадаадын иргэдэд тулгардаг бус Улаанбаатарчуудад ч гэсэн тулгардаг болохыг олж мэджээ. Улмаар тэр Google-рүү и-мэйл бичиж, сайн дурын энэхүү төсөлдөө мөн л МУЭИС-ийн Монгол хэлний ангид сурч буй Буриад найзуудыгаа татан оруулсан байна.
АЖИЛ ЭХЛЭВ
Google-с ч удалгүй хариу ирж, тэдэнд мэдээлэл оруулах платформыг нээж өгчээ. Ингээд тэдний ажил эхэллээ. Юун түрүүнд тэд Google Map, UB Smart Bus аппууд дээр байгаа нээлттэй мэдээллүүд дээр тулгуурлан Улаанбаатар хотын бүх автобусны буудлуудын байршлыг тогтоов. Түүний дараа чиглэл бүрийн автобусны зорчих маршрут, зогсох буудлууд, ирэх хугацаа зэргийг нь мөн тэмдэглэжээ. Ийнхүү хоёр сар гаруйн хугацаанд дөрвөн найзынхаа тусламжтай их хэмжээний мэдээллийг цуглуулж, түүнийгээ гараар оруулсны үндсэн дээр мэдээллийн сан бий болсон байна. Энэхүү сангаа Google-ээс өгсөн платформд оруулснаар өдгөө бид Google Map-аас аливаа нэг байршилд хэрхэн очихоо хайхад ямар буудлаас, ямар автобусанд, хэдэн цагт суух мэдээллийг харах боломжтой болсон юм.
Google-ээс өгсөн мэдээлэл оруулах платформ
Автобусны буудал, чиглэлийн талаар бүх мэдээллийг гараар цуглуулсан байдал
ИРЭЭДҮЙ
Ямар ч технологийн шийдлийн эхний хувилбар нь алдаа дутагдалтай байж, цаг хугацааны эрхээр сайжирдаг жамтай. Мэдээж автобусны маршрутыг хардаг болсон нь дэвшил. Гэхдээ Улаанбаатар шиг түгжрэл болон бусад хүчин зүйлсээс хамаарч автобус төлөвлөгөөт цагаасаа хоцрох эсвэл түрүүлж явдаг хотод автобусны байршлыг real time буюу цаг тухайд нь мэдэхээс эхлээд олон хөгжүүлэлт шаардлагатай. Сайхан мэдээ гэвэл Александртай Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газраас холбогдож нэмэлт хөгжүүлэлт хийхэд тусалж дэмжихээ мэдэгджээ. Мөн Александр зөвхөн автобусны маршрутаас гадна Улаанбаатар хотын хаягжилтын асуудлыг шийдэх сонирхолтой байгаа гэнэ. Тэрээр өөртэй нь телеграм хаягаар нь холбогдож зөвхөн уг төслөөс гадна бусад ажлууд дээр хамтран ажиллах боломжтойг уламжилж өгөхийг хүссэн билээ.
Александр уг төсөлд тусалж буй найз Баирын хамт
Уулзалтынхаа төгсгөлд “Цуглуулсан мэдээлэл дээрээ суурилж шинэ апп бүтээх үү?” гэж асуухад тэрээр дараах хариултыг өгсөн юм.
Яагаад заавал өөр апп хийх ёстой гэж? Орост “Чи унадаг дугуй ахиж бүтээх шаардлагагүй” гэсэн үг байдаг. Одоо байгаа зүйлсийг сайжруулах нь чухал болохоос заавал өөрөө шинийг бүтээх албагүй.
Миний хувьд Александрын хийж буй энэ төсөл зүгээр л нэг технологийн төсөл бус, асуудлыг үнэхээр шийдье гэвэл заавал танил тал, хөрөнгө мөнгө хэрэг болдоггүй гэдгийг сануулсан үйл явдал байв. Монголчууд бид хичнээн жил автобусны маршрут ойлгомжгүй гэж гомдоллосон билээ? Түүнийхээ хэрээр шийдэхийн тулд ямар нэг үйлдэл авсан билүү? гэдэг асуулт өөрийн эрхгүй орж ирж байлаа.