Б.Батзориг: Аймгуудад их, бага мөнгө төсөвлөсөн гэхээс илүү мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудад жигд хөрөнгө хуваарилсан уу гэдэг нь чухал

Б.Батзориг: Аймгуудад их, бага мөнгө төсөвлөсөн гэхээс илүү мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудад жигд хөрөнгө хуваарилсан уу гэдэг нь чухал

МУЭИС-ийн эрх зүйн профессорын багийн гишүүн Б.Батзоригтой ярилцлаа

-Ирэх оны төсвийн хэлэлцүүлэг нэлээд их маргаан дагуулж байна. Учир нь аймгуудад харилцан адилгүй хөрөнгө төсөвлөснөөс гишүүд бухимдаж, бие биетэйгээ барьцах боллоо. Аймгуудад өөр, өөр дүнтэй хөрөнгө хуваарилсан нь хууль зөрчсөн явдал мөн үү?

-Төсөв гэж юу вэ гэдгээс эхэлье. Айлаар авч үзвэл хүүхдийнхээ сургалтын төлбөр, хоол унд, малын өвс тэжээлээ яаж бэлтгэх вэ. Малаа хэнд, хэдээр зарах вэ гэдийг тооцохтой л адил. Хуулиараа төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд мөнгө хөрөнгө яаж бий болгох, түүнийг хэрхэн хуримтлуулах, зарцуулах талаар зохицуулсан. Хүүхдүүддээ харилцан адилгүй мөнгө хуваарилаад, амттай, амтгүй хоол өгөөд ялгаварлаад байвал гомдоод зогсохгүй юм болно биз дээ. Харин бөөнөөрөө ярилцаж мөнгө цуглуулаад “Ахыг нь гадаадад сургууль явуулъя, том эгч нь ажил хийж байгаа гэвч байрны лизингд нь жаахан нэмэр болчих мөнгө өгье” гэх нь барьцах зүйл биш. Үүнтэй адил Засгийн эрх авсан нам 2020-2024 онд юу хийх хөтөлбөрөө баталсан байдаг. Түүнд энэ аймгаа хөгжүүлнэ, тэр аймаг жаахан гүрийж байгаарай гэсэн зүйл харагддаггүй. Харин Хөвсгөл, Хэнтий аймагт тогтвортой аялал жуулчлал хөгжүүлнэ, Нууц товчооны дурсгалт газрыг хамгаалж сурталчилна гэвэл энэ хоёр аймагт их мөнгө төсөвлөсөн байсан. Хамгийн бага мөнгө төсөвлөсөн Булган аймагт засмал зам барина, Сүхбаатар аймагт дулааны станц барина гэж хөтөлбөрт тусгасан байна лээ. Тэгэхээр аймгуудад их бага мөнгө хуваарилсан гэхээс илүү мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийхэд жигд мөнгө хуваарилсан уу гэдэг нь тусдаа асуудал.

-Сангийн сайд Б.Жавхлан чуулганы танхимд хэлэхдээ “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа баримталж төсөв оруулж ирсэн” гэж байсан. Уг хуульд төсөвтэй холбоотой ямар заалтууд байдаг юм бэ?

-Энэ хууль төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах, иргэдийг орон нутгийн үйл хэрэгт оролцох боломжийг олгосон хууль л даа. Тэгэхээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нутгийг иргэд, тэднийг төлөөлж аймгийг удирдаж байгаа албан тушаалтнууд улсын төсөв санхүүгийн эх үүсвэрээ хуваарилуулах ажлыг хийх ёстой. Түүнийгээ үндэслэлтэй, судалгаатай, иж бүрэн, үнэн зөв, хариуцлагатай байх бас Сангийн яамны мэдэлтэй хүмүүсийн үүдийг сайн сахих, лобби хийх ёстой гэсэн үг. Төсөв тусгуулж чадаагүй бол тэдний буруу, төсвөө сайн тусгуулсан бол орон нутгийнхны сайных гэсэн утгаар хэлсэн юм болов уу гэж харж байна.

-Ингэхэд хуулинд нэг аймагт 20 сая, нөгөөд нь найман саяыг хуваарилна гэх маягтай зохицуулалт байдаг юм уу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулсан ажлуудаа хийхэд зориулагдсан л байх ёстой. Яг мөнгөн дүнгээрээ тусгах боломжгүй л дээ.

-Хэмнэлтийн хуультай уялдуулж Засгийн газраас 2023 оны төсвийг оруулж ирсэн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл төсөв хуулийн хэрэгжилттэй зохицоогүй байна гэж зарим гишүүд шүүмжилж байсан. Хуулийн судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Татвар төлөгчдийн мөнгийг ард түмний өмчид байдаг баялгийн мөнгөөр үрэлгэн байдлыг хязгаарлах, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх гэж Хэмнэлтийн хууль батлагдсан. Уг нь хуультай хуульгүй мөрдөх ёстой, үгүй бол шийтгүүлэх ёстой биз дээ. Тэгэхээр наад хуульд зааснаар хэмнэлт хийгдсэн эсэхийг хуваарилсан төсвийг яг тулгаж үзэж байгаад хэмнэсэн, хэмнээгүй гээд харьцуулахаар тодорхой болно.

-Хуулиар батлагдсан төсвийг орон нутагт зарцуулж амжаагүй байхад цуцалдаг тал бий. Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Төсвийн жилдээ зарцуулж чадаагүй бол буруутай буруугүй хамаагүй цуцална л даа. Харин буруутай албан тушаалтанд хариуцлага заавал тооцох ёстой. Манайд хариуцлага гэдэг зүйл алга болчихоор буруугаа ийш тийш шидээд ширээндээ шигдээд байгаа юм.

en_US