Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь Erasmus+ 101126419 (MONEUL) төслийн хүрээнд нийслэлийн 141-р сургуулийн ахлах ангийн сурагчдын эцэг, эхчүүдэд зориулан “Европын дээд боловсролын орон зай” сэдвээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг сургалтын зорилго нь төгсөх ангийн сурагчдын ирээдүйн боловсролын сонголтод эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх, гадаадад суралцах боломж, Европын боловсролын тогтолцооны онцлог, соёлын ялгаатай байдлыг таниулахад чиглэсэн юм.
Зөвлөгөөний үеэр МУЭИС-ийн төгслийн багийхан Европын дээд боловсролын байгууллагуудын элсэлтийн журам, олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрүүд, Erasmus+ тэтгэлгийн боломжууд, мөн гадаад хэлний бэлтгэл, суралцах орчны онцлог зэрэг сэдвээр мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.
Эцэг, эхчүүд хэлэлцүүлгийн үеэр төгсөх ангийн хүүхдүүдээ хэрхэн зөв чиглүүлэх, дэмжих, сонголт хийхэд нь итгэл өгч, шийдвэр гаргахад туслах талаар туршлага, санал бодлоо солилцов.
Энэхүү зөвлөгөө-хэлэлцүүлэг нь сурагчдын ирээдүйн боловсролын замналд гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын боловсролын талаарх ойлголтыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.



