МУ-ын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын зөвлөхөөр доктор, проф. Ч.Даваабаяр томилогдлоо 

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын зөвлөхөөр МУЭИС-ийг Төгсөгч- эрдэмтэн  Ч.Даваабаяр томилогдов.  

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр нь  2016 онд Монгол улсын Эрдмийн Их Сургуулийн докторантурын сургалтыг дүүргэж, “Монгол улсын жижиг дунд үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогын хэрэгжилтийг судалсан нь” сэдвээр Бизнесийн ухааны доктор (Ph.D)-ын  зэргээ  амжилттай хамгаалсан.  

Тэрбээр сүүлийн арав гаруй жилийн хугацаанд үндэсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах ажлыг санаачлан зохион байгуулсан юм. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийг бодитой дэмжиж, тэдний өмнө тулгарсан асуудал, бэрхшээл бүрийг төр засгийн түвшинд хүргэхийн зэрэгцээ нийгэмд “Баялаг бүтээгч” гэдэг үгийг трэнд болгосон билээ. Тахайлбал өнгөрсөн хугацаанд 21 аймаг 330 сумаар нийт 30 мянган км зам туулж, 1000 орчим үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчилсны үр дүнд олон зуун байгууллага хөл дээрээ босч, өрхийн үйлдвэрлэлээс томоохон аж ахуй нэгж болтлоо өргөжин тэлжээ. 

Түүнчлэн цар тахлын үед Монгол улс үйлдвэрлэгч орон болж амжаагүйн горыг иргэн, аж ахуй нэгжүүд мэдэрсэн. Энэ ч үүднээс үндэсний үйлдвэрлэгчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хохирлыг нь амсч, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 200 мянган хүн ажлын байраа алдсан.  Энэ ч үүднээс “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос 2020 онд “Цар тахал ба эдийн засаг” судалгааг явуулж, үр дүнг  нь УИХ, Засгийн газарт танилцуулсан бол 2021 оны 11 дүгээр сард “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум”-ыг Төрийн ордонд амжилттай зохион байгуулав. Тус форумд 200 гаруй үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцсон бөгөөд тэд тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, төрд дуу хоолойгоо хүргэхийн зэрэгцээ гарц шийдлээ хамтдаа ярилцаж, зөвлөмж хүргүүлсэн юм. 

Мөн тус холбооноос “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийг бэлтгэж, нэвтрүүлгээрээ дамжуулан тэдний туулсан зам мөр, алдаа оноо, бэрхшээл бүрийг сонсч, 100 орчим үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг Монголын ард түмэнд хүргэжээ.  

Дашрамд дурдахад МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн бөгөөд таван жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ үе шаттай хангах төлөвлөгөөтэй байна. Энэ хүрээнд нэн тэргүүнд хүнсний салбарын эрхзүйн орчныг тодорхой болгох, хүнсэнд шинжилгээ судалгаа хийх лаборатори, судалгааны төв бий болгох, хүнсний үйлдвэрлэл, газар тариалан болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажуулалтыг цахим болгох гэх мэт ажлуудыг хэрэгжүүлнэ. 

en_US