МУЭИС нь  ЮНЕСКО-гийн тэнхим байгуулах санаачилга гаргалаа

Монгол Улсын Эрдмийн Их Сургууль Төв Азийн бүс нутагт судалгааны үр дүнг бодлого боловсруулах үйл явцтай холбох зорилготой ЮНЕСКО-гийн тэнхим байгуулах санаачилга гарган ажиллаж байна.

Энэхүү санаачилга нь ЮНЕСКО-гийн UNITWIN / UNESCO Chairs Programme-ийн хүрээнд хэрэгжих бөгөөд Төв Азийн бүс нутагт шинжлэх ухааны судалгаа, бодлого боловсруулах байгууллагууд, их сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэнэ. 

Санаачилгын гол зорилго нь судалгаанд суурилсан мэдлэгийн бодлого боловсруулах түвшинд илүү үр дүнтэй ашиглах институцийн механизм, академик хамтын ажиллагааны платформ бүрдүүлэхэд оршино.

МУЭИС-ийн санаачилж буй “Төв Ази дахь судалгааг бодлогод хөрвүүлэх нь”

ЮНЕСКО-гийн тэнхим нь дараах үндсэн чиглэлд төвлөрч ажиллана. Үүнд:

  • Бүс нутгийн мэдлэгийн тогтолцоог бэхжүүлэх – Төв Азийн их сургууль, судалгааны байгууллагуудын судалгааны өгөгдөл, мэдлэгийн нөөцийг дижитал хэлбэрт нэгтгэж, институцийн санах ойг бүрдүүлэх.
  • Мэдлэг дамжуулалтын индекс – судалгааны үр дүн бодлого боловсруулах түвшинд хэрхэн нөлөөлж байгааг хэмжих аналитик аргачлалыг хөгжүүлэх.
  • Бодлогын нөлөөллийн судалгааны лаборатори– эрдэмтэн судлаачид болон шийдвэр гаргагчдыг холбосон судалгаа-бодлогын хамтын ажиллагааны платформ бий болгох. Энэхүү санаачилгын хүрээнд Төв Азийн бүс нутаг болон олон улсын түвшинд их сургуулиуд, судалгааны байгууллагуудтай хамтран академик түншлэл, судлаачдын сүлжээ бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэхийг хүсвэл МУЭИС-ийн Олон улс судлалын төвийн захирал Ж.Танантай холбогдохыг урьж байна.

zh_CN