Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн дэргэд “Орос улстай хамтран ажиллах санаачлагын Монголын төв (ОХАСМТ) 2024 оны 12 дугаар сарын 18-нд нээлтээ хийлээ. ОХАСМТ нь эрдэмтэдийн хамтын ажиллагаа, орос орныг судлах эрдэм шинжилгээ, судалгааны баазыг өргөжүүлэх, олон талт санал санаачилгыг хэрэгжүүлэх юм.
Нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы зөвлөх Г.Ганболд, ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков А.Н. тэргүүтэй Элчин сайдын яамны ажилтнууд, ГХЯ, ОХУ-ын боловсрол, соёл шинжлэх ухаан болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл, МУЭИС -ийн эрдэмтэн судлаачид оролцлоо.
Тус сургуулийн захирал, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор Ч.Зэгиймаа ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь олон талт хамтын ажиллагааны хүрээнд дэлхийд нэр хүнд бүхий 70 гаруй их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагатай нягт хамтран ажилладаг, тус сургуулийн дэргэд судалгааны хүрээлэн, эрдэм шинжилгээний төвүүд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү ОХАСМТ нь бусад төвүүдийн адил шинжлэх ухаан, соёл боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж,тодорхой хувь нэмэр оруулах юм.” гэдгийг тэмдэглэлээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы мэндчилгээг зөвлөх Г.Ганболд танилцуулав. Тэрээр “Хоёр орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, судалгаанд суурилсан санал, санаачилга дэвшүүлэхэд Монгол Улсын Эрдмийн Их Сургууль санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков А.Н. дэвшүүлсэн мэндчилгээндээ “Хоёр улсын шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагааг болон бусад санал санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.