С.Отгонгэрэл: Парламентын түүхэнд анх удаа тун сонирхолтой сонгууль болох гэж байна

2023/10/18

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламент 126 гишүүнтэй болно. Үүнтэй холбоотой ирэх сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ-ын бүтэц яаж өөрчлөгдөх талаар судлаачийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад хууль зүйн ухааны доктор, профессор, хуульч, өмгөөлөгч С.Отгонгэрэлтэй ярилцлаа.

-2024 онд Монголын парламентын түүхэнд цоо шинэ үе эхэлнэ. Парламент 126 гишүүнтэй болсноор УИХ-ын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүнд ямар өөрчлөлт орох вэ?

-Юун түрүүнд ирэх оны ээлжит сонгуулиас өмнө Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Уг хуулийн зургадугаар зүйлд “УИХ-ын бүрэлдэхүүн” гэсэн хэсэг байгаа. Тодруулбал, энэ хуулийн 6.1-д парламент нь УИХ-ын сонгуулиар сонгогдсон 76 гишүүнээс бүрдэнэ гэж байгаа. Тэгвэл “Улсын Их Хурлын нийт гишүүн” гэж ойлгох энэхүү бүрэлдэхүүнийг 126 болгож өөрчлөх ёстой. Мөн хуулийн 6.2-т заасны дагуу парламентын ээлжит сонгуулийн дараа УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож, тангаргаа өргөсөн бол УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцдог. Тэгэхээр энэ 57 гэсэн тоог бас өөрчлөх шаардлагатай. 126-гийн дөрөвний гурав нь 95 гишүүн байна. Дараагаар нь УИХ-ын олонх, цөөнхийн асуудлыг бас зайлшгүй хуульчилж таарна. Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.1-д сонгуулийн дүнгээр парламентад 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг УИХ дахь олонх гэж тодорхойлсон байдаг. Ер нь олонх гэдэг нь “50+1” хувь шүү дээ. Иймд 126-гийн олонх нь 64 гишүүн байна. Дараагийн шинэ парламент бүрэлдэхээс өмнө хамгийн түрүүнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульдаа дээрх нэмэлт, өөрчлөлт хийх ёстой гэж харж байгаа.

-УИХ дахь намын бүлгүүд хэрхэн бүрэлдэх бол?

-Одоо үйлчилж байгаа хуулийн зохицуулалтаар сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна. Өөрөөр хэлбэл, найман гишүүн гэдэг бол 76-гийн 10.5 хувь нь юм. Энэ тооцооллоор авч үзвэл 126-гаас дор хаяж 13 суудал авч байж намын бүлэг байгуулна гэсэн үг. Тэгэхээр ирэх парламентад сонгогдсон аль нэг нам эвсэл 13 гишүүнтэй бол бүлэг байгуулах эрхтэй болно.

-Гишүүдийн тоо нэмэгдэхээр шинээр байнгын хороо байгуулах болов уу. Одоо нэг гишүүн хэд хэдэн байнгын хороонд харьяалагддаг. Байнгын хороод зэрэг хуралдахаар ирц бүрдэхгүй, УИХ-ын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг тал бий шүү дээ?

-Өнөөдөр хуулиараа 11 байнгын хороо ажиллаж байна. Гишүүдийн тоо 126 боллоо гээд байнгын хороодынхоо тоог нэмэх эсэх нь тухайн парламентын л бүрэн эрхийн асуудал. Магадгүй одоогийн байнгын хороодын тоо нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл УИХ-ын онцгой бүрэн эрхийг Үндсэн хуулиар олгосон.

Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.4-т УИХ, Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх онцгой эрхтэй гэж тодотгосон байдаг. Энэ эрхийнхээ дагуу УИХ өөрөө байнгын хороодын болон түүний гишүүдийн тоог тогтоно. Ингэхдээ хэдэн байнгын хороотой байх, нэг гишүүн нэг байнгын хороонд харьяалагдах эсэх нь хүртэл УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал.

-УИХ-ын дарга болон дэд дарга ямар байх вэ?

-УИХ-ын дарга мөн л ялгаагүй. Парламентад хэдэн бүлэг бий болох вэ гэдгээс хамаарна. 126 гишүүнтэй байгуулагдсан УИХ-д сонгуулийн дүнгээр 13-аас доошгүй суудал авсан улс төрийн нам, эвсэл бүлэг байгуулж болно. Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэж заасан. Тэгэхээр 126 гишүүнтэй парламентад хэдэн бүлэг байгуулагдана, тэр бүрээс дэд даргыг сонгоно. Харин УИХ-ын даргын хувьд аль нам эвсэл олонх болно, тэндээс сонгоно.

-Парламентын гишүүдийн тоо нэмэгдэхээр хууль батлах хугацаа сунжирна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүн бүр асуулт тавих, үг хэлдэг жишиг бий. Судлаачийн хувьд та энэ үзэгдлийг яаж харж байна вэ. Олон улсын туршлага ямар байдаг юм бэ?

-Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд гишүүд асуулт асуух, үг хэлэх журам гэж бий. Үүнд гишүүний асуулт асуух хугацаа дөрвөн минутаас илүүгүй байна. Нэмэлтээр асуух бол нэг минутаас хэтрэхгүй. Гишүүний асуултад хариулах хугацаа дөрвөн минутад багтана. Нэмэлт тайлбар өгөх бол нэг минутаас илүүгүй хоёр удаа байна. Харин хуралдаанд байр сууриа илэрхийлж үг хэлэх дээд хугацаа нь таван минут байх хуулийн зохицуулалттай. Парламентад сонгогдож гарч ирсэн гишүүд бол ард түмний төлөөлөл. Тиймээс хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор үгээ хэлнэ, асуултаа асууна. Тэр утгаараа гишүүний үг хэлэх, асуулт тавих хугацаанд өөрчлөлт орохгүй байх. Нөгөө талд чуулганы нэгдсэн хуралдаанд яг 126 хүн суугаад ирэхээр хэтэрхий сунжрах асуудал үүснэ. Манай парламентын тогтолцоо их зовлонтой. Гишүүн болгон үг хэлдэг. Гурав, дөрвөн зуун гишүүнтэй гадны парламентын туршлагаас харахад бүлгээ төлөөлж үг хэлдэг. Яг санал хураалтын өмнө хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байгаа талыг төлөөлж эсвэл дэмжихгүй байгаа талыг төлөөлж тус бүр нэг минутад бүлгээ төлөөлж байр сууриа илэрхийлдэг. Барууны орнуудад ч ялгаагүй бүлгээ юм уу байнгын хороогоо төлөөлөөд үг хэлдэг байх жишээний. Харин манайх цөөхөн гишүүнтэй болохоор хүн болгонд үг хэлэх эрхийг нь олгодог тогтсон заншилтай. Цаашид үүнийгээ бас дагаад явах л байх. Хэрэв 126 гишүүнтэй болчихоод үг хэлж, асуулт асуух хугацаа дэндүү сунжирч байна гэж үзвэл Дэгийн тухай хуулиа эргэж харахаас өөр замгүй.

-Өнөөдөр УИХ-ын гишүүдийн бараг гуравны нэг нь давхар дээлтэй байна. Парламент 126 гишүүнтэй болсноор УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд ямар эерэг дүр зураг харагдаж байна вэ?

-Засгийн газар нь нөлөө багатай, Их хурал ирцийн асуудалгүй болно. Аль, аль нь ажлаа сайн хийнэ. УИХ-ын гишүүд Засгийн газарт давхар суухыг нь хуулиараа зөвшөөрчихсөн. Аль нам олонх болно, тэр нь давхар дээлээ өмсөөд ажлаа хийнэ. Том зургаараа УИХ, Засгийн газар зөв голдиролоороо ажиллана. Гүйцэтгэх засаглал ажлаа хийх бололцоотой олон гишүүнтэй болж байна. УИХ ч гэсэн өөрийнхөө чиглэлээр ажиллана. Одоо 76-гийн гуравны нэг нь Засгийн газрын гишүүн байна. Монгол Улсын Засгийн газрын бүтэц одоо Ерөнхий сайдтайгаа нийлээд 22-уулаа байгаа. Энэ тоо бол 126-гийн тавны нэг нь гэсэн үг. Цаана нь 100 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг хангалттай явуулна. Сонгогчдын төлөөллөө хэрэгжүүлэх, хуулиа батлах, гүйцэтгэх засаглалд хяналт тавьж чадна. 126-гийн олонх 64 байна гэж үзвэл эрх баригч намын 25 гишүүн сайд хийхэд цаана нь асуудалгүй байна шүү дээ.

Английн парламентын 600 гишүүний 90 орчим нь давхар дээлээ өмсөөд Засгийн газартаа ажилладаг. Сайд нь, салбарын сайд, түүний тэргүүн дэд сайдууд нь бүгд парламентын гишүүн байдаг. Парламентын тогтолцоотой орны гол онцлог сонгуулиар сонгогчдодоо “Бид наад ажлыг чинь хийнэ. Биднийг сонго” гээд парламентад олонх болдог. Гэтэл манайх буруу тогтолцоогоор яваад байдаг. Давхар дээл гэсэн ойлгомжгүй нэр томьёо хэрэглэж улстөрчид УИХ-ын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөөд байсан. Жишээлбэл, сөрөг хүчин байхдаа давхар дээл өмсч болохгүй гэж шүүмжилдэг. Харин эрх баригч болонгуутаа давхар дээл өмсөнө гээд дайраад байдаг байсан. Харин одоо УИХ 126 гишүүнтэй болчихоор энэ нөлөө буюу улс төрийн тоглолт нь арилна.

Ирэх 2024 онд манай улсын парламентын түүхэнд анх удаа тун сонирхолтой сонгууль болох гэж байна. Гадаад дотоод нөхцөл байдлаас шалтгаалаад далайд гарцгүй, хоёрхон хөрштэй, жижиг орны хувьд манай улс ардчилсан парламентын засаглалаа төгөлдөржүүлэх ёстой. Гудамжинд гараад улстөржөөд байж болохгүй. Улс орон тогтворгүй болно. Харин парламентдаа том, жижиг намуудаа оруулж ирээд асуудлаа ил тод ярьдаг байх нь зөв. Ер нь парламентын засаглалтай улсын хувьд цөөнхөө сонсдог олонхоороо шийдвэрээ гаргаад явдаг зарчмаа бариад явах нь зүйтэй. Судлаачийн хувьд УИХ 126 гишүүнтэй болбол эерэг тал нь илүү харагдаж байгаа. Парламентын гишүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр нийгмийн олон талын төлөөлөл сайн хангагдана. Холимог тогтолцоогоор сонгуулиа явуулахаар намын санал гээгдэхгүй. Жижиг намууд парламентад орж ирнэ. Ямар нэгэн байдлаар хэн, хэн нь гоншигонохгүй, гомдоллохгүй. Маш сонирхолтой сонгууль болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

zh_CN