ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Эрдмийн Их Сургууль болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын улс ардын аж ахуй, төрийн албаны академи хамтран 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр “Иргэншлийн сорилтуудын нөхцөл дэх Орос ба Монгол Улс: Эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

Тус бага хурал нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан бөгөөд хоёр улсын стратегийн түншлэл, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Бага хуралд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков, ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөл, Россотрудничество байгууллагын удирдлага, Монгол Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөгчид, хоёр улсын эрдэмтэн судлаачид оролцлоо.

Нэгдсэн хуралдаанаар Орос, Монголын олон талт хамтын ажиллагааны өнөөгийн байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын макро эдийн засгийн бүтэц, шинэчлэлийн асуудал, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцэгдэв.

Хурлын хүрээнд хоёр салбар хуралдаан зохион байгуулагдсан бөгөөд эхний хуралдаанаар Орос, Монголын нийгэм-хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны түүхэн туршлага, шинжлэх ухаан, боловсрол, соёлын харилцааны хөгжил, хүний нөөцийн бодлого, түүхэн ой санамжийн асуудлыг хэлэлцсэн бол хоёр дахь хуралдаанаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр улсын гадаад худалдааны өнөөгийн байдал, Евразийн интеграцийн үйл явц, Орос–Монгол–Хятадын эдийн засгийн коридорын хөтөлбөр, хамтарсан дэд бүтцийн төслүүдийн нөлөө, бүс нутгийн хөгжлийн боломжийн талаар санал солилцлоо.

Бага хурлын үеэр оролцогчид дэлхий дахинд өрнөж буй геополитикийн өөрчлөлт, соёл иргэншлийн болон глобаль сорилтуудын нөхцөлд Монгол, Оросын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж, хамтын судалгаа, эрдэм шинжилгээний солилцоог өргөжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулсан юм.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хурал нь Монгол, Оросын эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, академик харилцааг өргөжүүлэх, хоёр улсын хөгжлийн нийтлэг асуудлаар эрдэмтэн судлаачид болон бодлого боловсруулагчдын яриа хэлэлцээг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

zh_CN