“Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол Улс”  сэдэвт шинжлэх ухаан–практикийн хэлэлцүүлгийн эмхтгэл хэвлэгдэн гарлаа

Монгол Улсын Эрдмийн Их Сургуулиас Монгол Улсад судалгааны их сургууль үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол Улс” сэдэвт шинжлэх ухаан–практикийн хэлэлцүүлгийн эмхтгэл хэвлэгдэн гарлаа.

Тус хэлэлцүүлэг нь Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн төлөв, тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагыг эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд тулгуурлан хэлэлцэх, судлаачдын байр суурь, санал, дүгнэлтийг бодлого боловсруулагчид болон олон нийтэд хүргэх зорилготой зохион байгуулагдсан.

Хэлэлцүүлэгт их сургууль нь зөвхөн сургалтын байгууллага бус, шинэ мэдлэг бүтээх, инновац хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх, төрийн бодлого боловсруулахад мэдлэгийн дэмжлэг үзүүлэх стратегийн институц болохын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм.  Эдгээр асуудлын хүрээнд илэрхийлсэн эрдэмтэн, судлаачдын илтгэл, судалгааны үр дүн, байр суурь, хэлэлцүүлгийн агуулга болон санал, зөвлөмжийг нэгтгэн тус эмхтгэлд багтааснаараа Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн бодлого, судалгааны их сургуулийн тогтолцоо, инновацын хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний болон практик ач холбогдол бүхий эх сурвалж болох юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмжийг боловсруулж, Монгол Улсын төрийн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэсэн. “Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол Улс” эмхтгэл нь Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн сорилт, боломж, ирээдүйн чиглэлийг эрдэм шинжилгээний үндэслэлтэйгээр авч үзсэн бүтээлүүдийг нэг дор нэгтгэснээрээ судлаач, багш, бодлого боловсруулагч, их сургуулийн удирдлага болон дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын нийт оролцогчдод ач холбогдолтой бүтээл болж байна.