Н.Гансүх: Ирэх онд хэрэгжих нийт төсөл, арга хэмжээний ердөө 6.8 хувь нь эрчим хүчний салбарт харьяалагдаж байна

2023 /11/16

Ирэх оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтын талаар МУЭИС-ийн профессорын багийн гишүүн, төрийн удирдлагын доктор(Ph.D) Н.Гансүхтэй ярилцлаа.

news-img

-Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тэгэхээр ирэх жилийн төсөвт эрчим хүчний салбарт нэг их наяд төгрөг зориулахаар болжээ. Энэ хөрөнгөөр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн байна вэ?

-2024 оны улсын төсөв хуулийн хугацаандаа батлагдлаа. Ерөнхийдөө анхаарал татсан хэд хэдэн салбар байгаагийн дотор зам тээвэр, эрчим хүчний салбар зүй ёсоор багтаж байна. Тэр дундаа өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангахтай холбоотой эрчим хүчний салбарт доголдол үүсч, цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй талаар салбарын сайд болон хотын дарга нар байнга сануулсаар ирсэн. иймд энэ салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж үзэн ирэх оны улсын төсөвт нэг их наяд төгрөгийг суулгалаа. Ерөнхийдөө 652 тэрбум төгрөгийг төсвийн хөрөнгөөр, 348 гаруй тэрбум төгрөгийг гаднын зээл тусламжаар санхүүжүүлэх байдлаар тусгажээ.

Сая батлагдсан төсөвт нийт 1050 төсөл, арга хэмжээ авагдахаар тусгагдсан. Үүний 6.8 хувь нь эрчим хүчний салбарт харьяалагдаж байна.

Томоохон төслүүдээс дурдвал аймгуудад цахилгаан станц баригдана. Мөн олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажил хийгдэнэ. Уг төслийн хүрээнд орон нутгийн иргэдэд газар чөлөөлөхтэй холбоотой есөн тэрбум төгрөгийг зарцуулна гэж мэдэгдсэн байгаа. Манай улсын хувьд хөрш орнуудаас өндөр өртөгтэй эрчим хүч авдаг. Дээрээс нь иргэдийн эрчим хүчний хэрэгцээ улам өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ салбарыг бодлогоор дэмжих шаардлагатай. Ер нь жил болгон эрчим хүчний салбар маань өөрсдийн үйлдвэрлэдэг цахилгаанаа ард иргэдэд хямд борлуулж, нийт 200 тэрбум орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг.

-Олон жил яригдсан мега төслүүд яахаар байна. Тухайлбал, Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ажлуудад хөрөнгө мөнгө суулгаж уу?

-Тавдугаар цахилгаан станци асуудал маш олон жил яригдсан. Ирэх оны төсөвт энэ мега төсөлтэй холбоотой хөрөнгө санхүүжилт тусгайлан суугдаагүй байна лээ. Харин бусад салбарын урсгал зардал, нийгмийн халамжийн төслүүдэд нэлээд их мөнгө хуваарилсан харагдав.

-Ирэх онд эрчим хүчний салбарт хийгдэх ажлуудын 30 гаруй хувь нь гаднын зээл тусламжаар санхүүжинэ гэж та сая хэллээ. Энэ хүрээнд ямар, ямар төслүүд хэрэгжих бол?

-Манай улсын хувьд зарим томоохон төслүүдийг гаднын хөнгөлөлттэй зээл тусламжаар хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа. Сүүлийн жилүүдэд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутагт дэд станцуудыг барих асуудал нэлээд яригдсан. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт 50 мегаваттын цахилгаан станц баригдана.

-Эрчим хүч бол манай улсын эдийн засгийг хөдөлгөж байгаа гол хүчин зүйл. Тэр утгаараа он удаан жил дамнасан төслүүд хөдлөх янз байна уу?

-Ерөнхийдөө сонгуулийн жилийн төсөв гэдэг утгаараа томоохон төсөл хөтөлбөрүүд эхлэх өнгөндөө ордог. Гэхдээ мега төслүүд урт хугацаанд хэрэгжих болохоор олон нийтийн саад бэрхшээл тулгарах тохиолдол бий. Уг нь Эгийн гол болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцууд ашиглалтад орчихвол манай улсын гаднаас авдаг эрчим хүчний хэрэглээ эрс буурна.

Ерөнхийдөө манай улсын стратегийн томоохон ордууд болох Оюу толгой, Таван толгой зэрэг уурхай эрчим хүчний хомсдолтой байдаг. Тэд урд хөршөөс эрчим хүч худалдан авч хэрэглэж байгаа.

Тэгэхээр бид цаашдаа уул уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнээ дахин боловсруулж, нэмүү өртөг шингээх гэж байгаа бол эрчим хүчний асуудлыг шийдэх нь чухал. Одоогийн эрчим хүчний хэрэглээгээ хэвийн хангаж, доголдолгүй ажиллуулахын тулд нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс хэлээд байгаа. Ирэх жилийн төсөвт суугдсан санхүүжилтийг харахад хамгийн өндөр хувийг Б.Жавхлан сайдын багц байна. Нийт 4.6 их наядаар хэмжигдэж байгаа. Тэгвэл Боомтын сайдын багцад хамгийн бага төсөв буюу 11.6 тэрбум төгрөг суугджээ. Харин Эрчим хүчний сайд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Түүний багцад 350 гаруй тэрбум төгрөг харагдаж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар 4000 гаруй төслийг Сангийн яаманд хүргүүлсэн гэж мэдээлсэн. Эндээс 16 салбар үзүүлэлтээр ангилаад 1050 арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүний 498 нь цоо шинэ. Харин 552 нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж байсан төслүүд. Ирэх жилд 3.2 их наядын хөрөнгө оруулалт хийнэ гэжээ. Нэг жилд ийм их хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх боломж хомс гэж үзэж байна. Зарим төслүүд нь эргээд урсгал зардлыг нэмэх сөрөг үр дагавартай.

М.МӨНХЦЭЦЭГ

zh_CN