Х.Батцэнгэл: Динамик системээр юмсыг амьд гэж үздэг арга зүй шинэ зууны шинжлэх ухааны хөгжлийг тодорхойлж байна.

  • МУЭИС-ийн “Эрдэм” хүрээлэнгийн захирал, Бизнесийн удирдлагын профессорын багийн зөвлөх, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Х.Батцэнгэлтэй ярилцлаа.

2024/11/05

Энэ удаа тантай шинжлэх ухааны талаар ярилцмаар байна. Ингэхэд шинжлэх ухаан гэж яг юу юм бэ. Эрдэмтэн таны байр суурийг хамгийн түрүүнд сонсмоор санагдлаа?

-Шинжлэх ухаан бол амьд систем. Хүн мэдлэгийг бий болгодог, бүтээдэг. Гэвч нэгэнт бүтээгээд гарчихсан мэдлэг хүнээс хамаарахгүйгээр өөрийн гэсэн жам ёс, дотоод механизм, хүч гаргаад яваад өгдөг. Тэр байтугай шинжлэх ухаан хаашаа явах вэ гэдэг зам мөрөө өөрөө тавьдаг. Харин хүн төрөлхтөн “Шинжлэх ухааныг бид хийдэг учраас хаашаа явахыг нь заана” гэдэг шүү дээ. Үнэн хэрэгтээ тийм биш. Бид шинжлэх ухаан хаашаа явж байгааг нь мэдээд тэрэнд нь тохируулж үйл ажиллагаагаа нийцүүлж явснаар шинэ нээлт гардаг. Магадгүй шинэ нээлт гарахгүй байгаа бол бид өөрийн дураараа, бодсон чигтээ л яваад байна гэсэн үг. Ингэж явахдаа шинжлэх ухааны том ай савнаас жижиг, жижиг гол горхи шиг салаалаад эцэст нь хаа нэгтээ очоод тулчихдаг. Нэг ёсондоо мухардалт орчихож байна. Тэгснээ “Энэ чинь тайлж уншиж болохгүй юм байна” гэж үздэг. Зарим ухаантан “Би эхнээсээ буруу явчихсан юм байна” гэдгээ мэддэг. Шинжлэх ухаан гэдэг ийм л энгийн логик.

-Хэрэв замаа зөв олчих юм бол хэн ч гэсэн шинжлэх ухааныг нээж болно гэж үү. Харин хэрхэн хөгжүүлэх вэ?

-Бид бусдыг даган дуурайж байгаагаа “Шинжлэх ухааныг хөгжүүлж байна” гэж андуурдаг. “Тэр улсад ийм мундаг нээлт гарчихаж, энэ оронд ийм ч нэр төртэй хүний үзэл бодлыг хүмүүс хүлээж авч байна. Үүнийг дагая” гэцгээдэг дээ. Манайх жижиг орон болохоор техник технологийн хүчин чадал муутай, багаж зэвсэг багатай, хөрөнгө мөнгө хязгаартай. Тиймээс шинжлэх ухааныг өөрсдөө хөгжүүлж чаддаггүй. Хүнийхийг л хуулдаг. Энэ бол маш буруу зам. Гэтэл шинжлэх ухаан гэдэг чинь жижиг, том улс гэлтгүй хэн ч хөгжүүлж болох тийм өргөн талбартай. Бид шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд хүний явсан замаар явахгүй байхад болно. Өөрийнхөө замыг нээж, өөрийнхөө талаас харж байхыг шинжлэх ухаан гэж хэлээд байгаа юм. Ухаандаа сарны цаад талыг хэнч харж чаддаггүй байлаа гэхэд хэдүүлээ очоод харчихаж болж байна. Ийм маягаар зөв замаа олчих юм бол хэн ч шинийг нээж, хөгжүүлж болдог юм. Тэрнээс шинжлэх ухаан бол мэдлэгийн том өрсөлдөөний талбар биш.

-Шинжлэх ухааныг судалгааны арга дээр тулгуурласан мэдлэгийн цогц мэдлэг гэж томьёолдог шүү дээ?

-Мэдлэг хуримтлагдсаар байгаад шинжлэх ухаан болдог нь нэг талаасаа үнэн. Гэтэл шинжлэх ухаан чинь тасралтгүй мэдлэг хуримтлагддаг процесс биш. Гэнэт зогсчихдог. Тэс өөр цэгээс дахиад шинжлэх ухаан эхэлдэг. Тэгэхээр шинжлэх ухаан тасралтгүй байнга хөгждөг гэдэг нь хуучны үзэл. Үүнээс улбаалж шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд урд байгаагаа дахиад цааш нь үргэлжлүүлээд байгаарай гэж тулгадаг. Хуучин шинжлэх ухаан байхгүй болчихож байгаа юм биш. Тэр төвшиндөө ажилласаар байдаг. Ньютоны механик физикийн нээлт одоо ч тодорхой төвшинд ажиллаж байгаа. Гагцхүү дараачийн төвшинд очихдоо энэ замаараа явж болохгүй болчихож байгаа юм. Өөр цэг дээрээс очиж хөл тавьж байж судалгаа хийнэ гэсэн үг. Монголчуудад ойр энгийн жишээ авч үзье л дээ. Бэлчээрийн мал аж ахуйг сайн мэддэг хүмүүс өнөөдөр үүнийгээ голж эхэлж байна. Яагаад гэвэл бэлчээрийн мал аж ахуйг өнө эртнээс уламжлагдаж ирсэн арга барилаар нь хараад байдаг. Тэр нь орчин үеийн техник технологитой хосолж холбогдохгүй учраас өнгөрчихсөн юм байна гэж бодоод байдаг. Тэгвэл бэлчээрийн мал аж ахуйг жинхэнэ амьд системийн хувьд харахад зөвхөн сүү, тараг, цагаан идээ гаргадаг систем биш. Энэ бол ертөнцийг хардаг бүхэл бүтэн соёл байдаг. Яагаад гэвэл хөдөөгийн хүүхдүүдийн мэдрэхүй суурин газрын хүүхдүүдээс илүү хөгжсөн байдаг. Жишээлбэл, нарийн мэргэжилд, тэр дундаа гар хөлөөрөө ажиллаж, мэдэрдэг зүйлд хөдөөгийн хүүхдүүд илүү авьяастай байдаг. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд цойлж гарч ирдгийг манай биологи, химийн салбарынхан хамгийн сайн мэднэ. Тэд багаасаа байгальтайгаа ойр холбоотой өссөн болохоор мэдрэмж сүрхий нарийн хөгжсөн байдаг. Хотын хүүхдийн хувьд байгалиас хол, дөрвөн хананы дунд тоглож өсдөг учраас тэр талын мэдрэмж яах аргагүй мохчихдог. Хими, биологийн амьд систем. Энэ салбарт эрэгтэй эмч, эрдэмтэд илүү түрж гарч ирдэг дээ. Тэд авьяастай байгаагийн нууц нь дэлхийд байгалиас салаагүй цорын ганц үлдсэн системийн чинь сэтгэлгээний соёл юм. Гэтэл манайхан бэлчээрийн мал аж ахуйг сүү, тарагханаар төсөөлж бодоод байдаг. Эндээс юуг хэлэх гээд байна вэ гэхээр шинжлэх ухааныг ингэж харах шаардлага шинэ зуунд тавигдсан.

Шинэ зууны шинжлэх ухааны онцлогоос та дэлгэрүүлэхгүй юу?

-Шинэ зуунд мэдлэг, мэдээлэл маш хурдан хөгжиж байна. Нэг талдаа сул ч хэрнээ нөгөө талд маш их боломжийг олгож байгаа юм. Хуримтлагдаж буй мэдээлэлтэй ажиллах хэрэггүй. Машин тоног төхөөрөмж нь мэдээлэл боловсруулаад явж л байна биз. Бид өөрсдөө чөлөөтэй, өөр зүйл сэтгэж бодох бололцоо гарч байгаа юм. Заавал тэрийг мэдэж байх албагүй. Кноп дараад л тэр мэдлэг боловсрогдчихдог. Бидэнд байдаг агуу зүйл бол оюун ухаанаас илүү мэдрэмж байдаг. Харин машинд байдаггүй. Мэдрэмж бол асар богино хугацаанд асар гүн рүү орж чаддаг. “Мэдлэг бол хязгаартай” гэдгийг аугаа эрдэмтэн А.Эйнштэйн хэлсэн байдаг шүү дээ. Тэрбээр оюун ухааны жинхэнэ шинж тэмдэгийг төсөөлөл гэж үзсэн. Хүний мэдрэмж бол хийсвэр сэтгэлгээ биш. Бид нар төсөөлж бодож байгаагаа хийсвэр сэтгэлгээ гэж бодоод байдаг. Үнэндээ хүн хэзээ ч хийсвэр сэтгэдэггүй. Хүн ямарваа нэг цэгт хүрсэн учраас заавал сэтгэдэг. Энэ тухай Оросын нэгэн залуу эрэмтний шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахдаа харсан зүйлээс жишээ авч ярья л даа. Эртний грекийн үлгэрт

цовдлуулсан хүний элэгнээс өдөр бүр нэг шувуу ирж тасдаад яваад өгдөг тухай өгүүлдэг дээ. Маргааш нь өнөөх тасдуулж, зэрэмдэглүүлсэн элэг бүтэн болчихсон байдаг. Энэ үлгэрийг сонсоход хийсвэр юм шиг байгаа биз. Гэхдээ үлгэрийн гол санааг элэгнээс авсан байгаа юм. Яагаад тэр цовдлуулсан хүний элэгийг бүргэд бүтнээр нь авч явсангүй вэ. Элэг бол нэг бүтцэд нь хүрэхэд сэргэдэггүй. Нөгөөхөд нь хүрэхээр сэргэж байдаг эснээс бүтсэн эрхтэн. Тэрийг нь энэ үлгэр нээчихэж байгаа юм. Тэгэхээр хийсвэр сэтгэлгээ гэж байдаггүй байх нь. Цаана нь заавал нэг цэг байна гэсэн үг. Тэр нь нүдэнд харагдаж байх ч албагүй. Долгионоор ярьж болно. Энд байгаа хүн дэлхийн нөгөө талд оршдог хүмүүсийн аж амьдрал, дуртай бүхнийг мэдэж байдаг. Энэ мэтчилэн ямар нэг бодитой зүйлээс бүх юм үүддэг. Ийм маягаар ургуулж боддогийг шинжлэх ухаан гээд байгаа юм.

XXI зуунд шинжлэх ухаан гайхамшигтай хөгжиж байна. Техник, технологийн хувьсал хүний амьдралыг урьд өмнө байгаагүйгээр улам хялбаршуулж байгаа. Тэгэхээр энэ зууны шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагыг та яаж харж байна вэ?

-Маш энгийн. Мэдээж XXI зуунд шинжлэх ухаан улам хөгжиж байгаа нь үнэн. Гэхдээ асуудлыг гол учир нь өөр арга зүй дээр шинжлэх ухаан хөлөө тавиад хөгжиж байгаа юм. Дэлхийн системийг тодорхой бүтэцтэй мехник зүйл гэдэг онол хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаас эхлэн хэдэн зуун жил явсан. Гэтэл XXI зуунд “Систем чинь зүгээр нэг нарийн бүтэцтэй, холбоостой биш, амьд юм байна. Динамек юм байна. Дотроосоо өөрийн гэсэн явдаг замаа бүрдүүлдэг юм байна. Тэрийг нь олж харсан хүн л амжилт гаргаад байдаг юм байна” гэдгийг мэддэг болсон. Энэ бол шинэ зүйл ч биш. Аль 1930-аад оны үед Томс Крун хэмээх эрдэмтний бичиж байсан Шинжлэх ухааны хувьсгалуудын бүтэц гэсэн номонд хүртэл тодорхой хэлсэн байдаг. Шинжлэх ухаанд хувьсгал гарна гэдэг бол хүн ухаантайдаа хийж байгаа зүйл биш. Нөгөө шинжлэх ухааны систем чинь явж байгаад энэ зам нь эцэстээ хүрээд зогсонгуут дахиад өөр замаас эхэлдэг юм байна л даа. Бас Америкийн орос гаралтай эрдэмтэн Сорот нийгэм соёлын динамик гэдэг номондоо “Нийгмийг бид хийгээд байдаг юм биш. Нийгэм чинь нэгэнт бидний гараас гарангуутаа буцаад хүн төрөлхтнийг удирдаад яваад байдаг. Бид ганцхан зөв газар нь олж суух ёстой” гэжээ. Тэгэхээр явж буй чиглэлээс нь жолоогоо буруу тийш нь эргүүлчихгүй байвал шинэ нээлт рүү хөтлөх ийм мундаг систем. Тиймээс XXI зууны шинжлэх ухаан шинэ арга зүй дээр системийг амьд гэж үздэгт байгаа юм. Энэ арга зүй дээр цаашаа бүх юм явна гэсэн үг.

-Та аль нэг салбараар жишээ аваад тайлбарлаж өгөөч?

-Боловсролыг систем динамик буюу амьд систем гээд үзье л дээ. Тэгэх юм бол хүнийг сур гээд тулгаад байж болохгүй. Боловсрол биднээс юу гуйгаад байгааг нь өгөх ёстой. Боловсрол их энгийн зүйл хүсдэг. Мэдлэг битгий дамжуулаач ээ, мэдлэг үйлдвэрлэгдэг хүмүүсийг бий болгооч ээ гэдэг. Цээжилдэг биш, сэтгэдэг хүнийг бий болгооч гэсэн үг. Гэтэл бид юу гэж номлодог билээ дээ. “Боловсролоор дамжуулж хүнийг хүн болгоно” гэдэг. Энэ нь хүнийг хүн биш болгочихоод буцаад

хүн болгох гэж байгаатай агаар нэг. Хүн эхлээд хүнээс төрдөг. Харин боловсрол “Хүнийг битгий эвдээч ээ” гэж биднээс гуйгаад байгаа юм.

-Монголд шинжлэх ухаан хөгжих ямар боломжууд байна вэ?

-Асар их бололцоо байгаа. Хуучин механик системтэй байсан. Хүнийг ажиллуулахын тулд “Чи 08.00 цагт ир. 18.00 цагт яв” гэдэг механик системтэй байв. Тухайн үед ингэж хүчээр барихгүй л бол ажил хийдэггүй байсан. Шинэ зуунд байгууллагууд ингэж ажиллуулахгүй. Дураар нь тавихгүй бол ажилтнуудынх нь толгой тархинаас шинэ санаа гарч өгдөггүй. Харин хуучин системд толгой тархи чухал биш. Хар л даа, тэр сайхан сургуулиуд үй түмээрээ байгуулагдчихаад одоо яагаад алга болчихов. Яг хуучин механик системийн үеийн онол, загвараар тэр сургуулиудыг удирдсан болохоор зах зээлээс шахагдаад байгаа хэрэг. Шинэ мэдлэг огт хийхгүй мөртлөө хүний юмыг хуулаад заахад болчихно гэж бодоод яваад байна. Тэгж хэзээ ч явдаггүй байхгүй юу. Их сургууль болгон өөрийн гэсэн сурах бичигтэй, тэр нь бусдаас ялгаатай байх ёстой. Яагаад гэвэл тэр сурах бичиг нь тухайн сургуулийн шинжлэх ухааныг харах үзэл байдаг. Дахин хэлэхэд, энэ динамик буюу механик системээс өөр маягаар бүх юмыг хийнэ гэдэг арга зүйн өөрчлөлт л XXI зууны шинжлэх ухааныг тодорхойлж байгаа.

-Хуучин механик арга барилаасаа яаж салах вэ. Ялангуяа боловсролын салбарт энэ арга барил гүн бат нутагшсан шүү дээ?

-Бид ерөнхий боловсролын сургалтаасаа механик сэтгэлгээг хүүхдүүддээ тулгачихсан. Манай залуучууд Харвардад очоод сурсан ч аль нэг багшийг шүтээд л залаад ирдэг. Ер нь шинжлэх ухаан явсаар бурхан шашинтай ч нийлж мэднэ. Уг нь энэ хоёр салбар хоёр өөр замтай. Гэтэл арга ядаад л нөгөөдөх рүүгээ гүйж очиж байна шүү дээ. Шашныг хүлээн зөвшөөрч, хүндлэлгүй яахав. Шашин бүх юмыг урдаас мэддэг учраас тэрийгээ тайлж уншихын тулд араас нь хөөдөг. Харин шинжлэх ухаан юу ч мэддэггүй учраас олж мэдэхийн төлөө явдаг. Хэрэв уулын хоёр талаар явж байгаа амьтныг хүчээр нийлүүлэх юм бол аль нэг нь ялагдсан гэсэн үг. Тиймээс цаашдаа нано, био технологийн хөгжлийн тухай ярьмааргүй байна. Монголын шинжлэх ухаан, дэлхийн шинжлэх ухаан болж хөгжих ганц гол зарчим нь бидний хөлөө тавьж буй фундамент өөрчлөгдсөн явдал. Үүнийгээ ойлгоод явах нь чухал. Бид механик сэтгэлгээг үгүйсгэж байгаа юм биш. Үнэхээр цээжлүүлэх хэрэгтэй л дээ. Гэхдээ нэг сөрөг тал нь хэтэрхий мундаг цээжилсэн хүний оюун санаа хөгжиж задардаггүй. Математик гэхэд заавал хүрд цээжлүүлдэг. Яахав хүрд цээжлэхгүй бол цаашаа явахгүй гэдэг учраас муу зүйл биш. Сонирхолтой нь хүрд огт цээжлээгүй хүүхэд математик зохиож чадаж байна. Харин цээжилсэн нь онц авна. Сул тал нь цаашаа задарч хөгждөггүй. Бага насанд хүүхдийн толгойд нь баригдсан сетик насан туршид нь гарч өгдөггүй. Жишээлбэл, ерөнхий боловсролын сургуульд багш нар дүн тавихдаа өгсөн даалгавраас арай өөр хариулт хэлсэн хүүхдэд муу дүн тавьдаг. Багшийн өгсөн дөрвөн ширхэг сэдвийг яс цээжээр хэлчихэд онц авах жишээтэй. Механик маягаар тогтсон энэ систем тодорхой хэсэгтээ хэрэг болж байсан ч одоо шаардлага хангахаа болсон.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

zh_CN