МУЭИС-ИЙН БАГШ, СУДЛААЧ ОЮУТНУУД ДЭЛХИЙН ЗАЛУУСЫН ЗУНЫ ИХ СУРГУУЛЬД ЯВНА

ОХУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны яам, түүний дэргэдэх Холбооны улсын шинжлэх ухааны “Социологийн төв”, ОХУ-ын судалгаа шинжилгээний болон боловсролын томоохон төв хэмээн нэрлэгддэг Оросын зүүн хэсгийн хамгийн анхны их сургууль болох Сибирийн Холбооны Их сургуулиас хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулах “Зуны их сургууль 2024”-д Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн судлаач багш, докторант оюутнууд зуны их сургуульд суралцахаар  сонгогдлоо.

Тодруулбал, гадаадын оюутан, судлаач залууст зориулсан Олон улсын их төсөл ирэх 7-р сарын 8-наас 22-ны өдрүүдэд Төв Сибирийн нийслэл Красноярск хотноо болох бөгөөд ОХУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Сибирийн Холбооны Их сургуулиас мэдэгдснээр энэхүү Олон улсын төсөлд Армени, Азербайжан, Казахстан, Туркменистан, Киргизи, Таджикистан, Узбекистан, Беларусь, Гурж, БНХАУ, Монгол Улс, Эквадор, Өмнөд Африк зэрэг орны 300 оюутан, судлаач нар оролцоно.

“Зуны их сургууль 2024”  төсөлд хамрагдах болсон Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн 2 багш, 2 докторант, 1 магистрант,1 бакалаврын түвшний оюутан болох залуу судлаачиддаа төслөө амжилттай хэрэгжүүлэн ирэхийг хүсье.

mn