Х.БАТЦЭНГЭЛ: УЛС ТӨРИЙН ОГЦОМ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ ХАРИУЦЛАГААС ЗУГТАХ ХАМГИЙН ТОМ АРГА

-Улс төрийн огцом шийдвэр гэж юуг хэлээд байна вэ?

-Богино хугацаанд гал унтраах маягаар гаргадаг шийдвэрийг ингэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, гэнэт тулгарч байгаа асуудалд гэнэтийн хариу өгөхийг огцом шийдвэр гэнэ. Манай улсын хувьд огцом шийдвэр алхам тутамд гарч байна.

-Огцом шийдвэрийг зайлшгүй нөхцөлд гаргаж чадаж байна уу, манай төр засгийнхан?

-Огцом шийдвэрийг гаргахын тулд урьдаас бодож боловсруулж, бэлдэх ёстой. Тийм нөхцөлд манайханд урт хугацаанд бодсон тодорхой, том чиглэлээр боловсруулсан шугам байдаггүй. Гэнэтхэн нэг өглөө босоод л шийдвэр гаргачихдаг. Манай хувьд огцом шийдвэр гэдэг бол урт хугацааны бодлогогүй төрийн институциүд гаргадаг ойлголт шүү дээ.

-Огцом шийдвэр гаргах нь ямар хор хөнөөл дагуулдаг вэ?

-Ард түмэнд хамгийн хүнд тусдаг. Тэр дундаа шууд тусдаг хор хөнөөлөөс гадна аажмаар тэднийг буцаад босох, үйл ажиллагаагаа хэвийн байдалд оруулахад нь сөргөөр нөлөөлдөг. Урт хугацаандаа уршиг дагавар нь хүнд байдаг гэсэн үг. Жишээлбэл, бид энэ онцгой нөхцөлд жижиг, дунд үйлдвэрийг дэмжинэ гээд л ярьж байна. Жижиг, дунд үйлдвэрлэгчид маань хямралд нэг удаа нэрвэгдчихвэл сэхэж босохдоо удаан. Энэ нь шууд мэдэгдэхгүй.

Аажимдаа, тодорхой хугацааны дараа илэрдэг. Сүүлд нь дампуурч байгаа аж ахуйн нэгжүүдийн тоогоор, иргэдийн ядуурлын түвшнээс мэдэгдэнэ. Огцом шийдвэр нь тухайн нэрвэгддэг улсууддаа хамгийн хүчтэй цохилт болдог.

Дээр нь сэтгэл санааны хувьд муу үр дагавартай. Наанаа ийм онцгой нөхцөлд ийм арга хэмжээ авахаас аргагүй гээд янз бүрээр тайлбарлаж болно л доо. Энэ нь түр хугацаандаа улсуудын сэтгэл санааг тайвшруулах улс төрийн үзэл сурталын нэг арга. Гагцхүү цаад хор уршиг нь иргэд, аж ахуйн нэгжүүд удаан хугацаанд сэргэж чаддаггүйтэй холбоотой. Тэднээс цөөхөн хэсэг бүлэг нь сэргэдэг ийм л аюултай. Буцаад сэргэхдээ хуучин байдалдаа орох гэж илүү их цаг хугацаа зарцуулна. Тиймээс огцом шийдвэр гаргах шаардлага гарсан ч ийм эмзэг хэсгүүдэд зөөлөвчийн арга хэмжээг урьдчилан бэлдсэн байх ёстой. Банкны зээл, тусламж, улсын тусгай сан хөмрөгөөр дамжуулж туслахаас гадна нутаг дэвсгэрт байгаа хөрөнгө мөнгийг тэр хэсэг рүү тодорхой хэмжээгээр хуваарилах зэрэг системтэйгээр бэлддэгийг хэлээд байгаа юм.

-Улс төрийн огцом шийдвэр гарах зайлшгүй тохиолдолд урьдаас төлөвлөсөн, нийгэмд учрах хор уршгаас сэргийлсэн арга хэмжээг хэрэгжүүлэх гэлээ. Манай улсын хувьд ямар байдаг юм бол?

-Огцом шийдвэрт зориулагдсан сценарь байдаг. Ийм арга хэмжээг цочир ч гэж хэлээд байдаггүй юм. Угаасаа авах шаардлага гардаг. Ялангуяа аливаа байгууллага хүртэл эдийн засгийн хямралыг тэсч гарахын тулд тодорхой огцом арга хэмжээ авах шаардлагатай болдог. Үүнтэй адилхан улс ч гэсэн огцом шийдвэр авахын тулд бэлтгэсэн сценарьтай байх ёстой байдаг юм.

-Төр засгийн хувьд огцом шийдвэр гаргаснаар нийгэмд учруулсан хор хөнөөлийн талаар тодорхой кейс дурдвал?

-Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд боловролын салбарт гэнэт их, дээд сургуулиудыг нэгтгэх асуудлыг тавилаа. Энэ бол улс төрийн огцом шийдвэр. Харахад зөв боловч цаанаа ямар хор уршигтайг бүрэн төсөөлөхгүй байгаа юм. Бодит байдал дээр улсын сургуулиуд маш хүнд байдалд орсон, чанар алдагдчихсан. Багш нарын хувьд ч гэсэн чадалтай, мэдлэгтэйнүүд нь хэрэг дээрээ сургуулиас холдсон. Ийм нөхцөлд чанарыг нь сайжруулна гэхээр улсын том сургуулиудыг огцом нийлүүлье гэж байна. Өнгөн дээрээ нийгэмд тааламжтай юм шиг харагдах ч чанаргүй болсон сургуулиудыг нийлүүлэх нь зүгээр нэг түр зуурын, хэдэн жилийн настай арга хэмжээ болгосон ирээдүйгүй шийдвэр.

-Яагаад вэ. Чанаргүй хувийн дээд сургуулиуд хэтэрхий олон болохоор тэднийг нэгтгэснээр харин ч чанаржина гэж үзээд ийм шийдвэр гаргасан юм биш үү?

-Их, дээд боловсролын үзэл баримтлал нь буруу, зах зээлд шилжүүлж байгаа нэртэй орхичихсон. Дээр хэлсэнчлэн чадалтай улсууд нь яваад өгсөн, цөөн үлдсэн хэд нь өнөө маргаашийг аргацаасан маягтай. Хичээлээ зааж байгаа зарчим нь ам хэлээр, хүний юм хуулдаг, өөрийн гэсэн шинжлэх ухаан байхгүй. Хүний юм дамжуулдаг энэ систем аль 1990-ээд оны үед халагдсан байхад одоо хүртэл заагаад байгаа. Ийм олон талын гажуудлыг нь засаагүй. Боловсролын шинжлэх ухааныхаа үзэл баримтлалд үндсэн өөрчлөлт хийгээгүй. Хэлбэр, чимэг маягийн засвар хийчихсэн мөртлөө одоо энэ сургуулиудыг нэгтгэх нь амь тариа хийж байгаатай адилхан. Хувийн сургуулиуд хэтэрхий олон байна гэдэг нь үнэн. Гэхдээ боловсролын салбарт гаргасан шийдвэр нь хувийн болон улсын өмчит аж ахуйн нэгжүүд эрх тэгш байна гэсэн Үндсэн хуулийн зарчмаа баримтлаагүй. Захиргааны маягаар асуудлыг шийдэж байгаа нь улс төрийн огцом шийдвэр юм.

Өөр нэг кейс дурдъя л даа. Хуучин их, дээд сургуулиудын хотхоныг Налайх орчимд байгуулна гээд гадна, дотны хөрөнгөөр төсөл хийж бөөн юм бэлдсэн. Гэтэл тэр нь хэрэгжээгүй. Дараа нь Азийн хөгжлийн банкны шугамаар шинжлэх ухаан технологийн сүрхий том мастер төлөвлөгөө хийсэн. Бас л их хэмжээний мөнгө зориулж байгаа дуулдсан. Бас л байдаггүй. Шинжлэх ухаан нь ч явдаггүй. Үр дүнгүй ажил болсон. Тэрийг шалгаж, буцаад хянадаг хүн ч гэж байхгүй. Төслийн мөнгийг нь идэж уусан том групп зугтчихсан. Үр дүнд нь шинжлэх ухаан хөгждөггүй. Зөвхөн боловсролын салбарт гарч байгаа огцом шийдвэр ийм аюултай. Гагцхүү өнөөдөртөө мэдэгдэхгүй, хууртаад үлдэж байгаа. Тав, зургаан жилийн дараа дахиад л асуудал гарна. Тэр үед өнөөдөр буруу шийдвэр гаргасан улсуудын хэн ч байхгүй байна. Энэ сайхан эрдэмтэн, мэдлэгтэй багш нар хохирно. Том зургаараа улс эх оронд хортой.

-Манай улстөрчид огцом шийдвэр гаргаад байгаа шалтгаан нь юу вэ. Зүй нь ямар байх ёстой вэ?

-Хамгийн гол нь ганцхан салбартаа судалгаа хийхгүй. Бүхэл бүтэн Монгол Улсыг хөгжүүлэх хэд хэдэн сценарь байж байх ёстой. Тэр нь Засгийн газруудаа дамжаад явж байдаг. Шийдвэр гаргагчид зөвхөн сайжруулах ажлыг л хийж байх ёстой. Энэ бол төрийн залгамж халаа талаасаа ч зөв зураглал. Гэтэл ийм зөв санааг манайхан буруугаар ашигладаг гэмтэй. Жишээлбэл, Н.Энхбаярын Засгийн газрын үед цогц бодлого гэгчээр ард түмнийг тувтан хуурч ирсэн. Нэр томьёогоор хүний толгойг эргүүлдэг. Гэтэл юуны цогц бодлого байхав. Энд, тэнд тухайн, тухайн чиглэлээр хийсэн жаахан юмнуудыг хуучин аргаараа нийлүүлчихсэн. Үүнийгээ цогц бодлого гээд гоё нэрийн дор зарладаг. Тэр бодлого нь яваагүй мөртлөө одоо цагт дахиад л нэрээ өөрчлөөд гараад ирдэг. Алсын хараа, өөр юу юу ч билээ дээ. Ингэж тоглож болдоггүй юм. Огцом шийдвэр гаргах шалтгаан нь энд байгаа юм. Тэрнээс гэнэт нөхцөл нь өөрчлөгдсөндөө биш. Монгол Улс урагшаа хөгжих хэд хэдэн хувилбар байх ёстой. Үүнийг хийхийн тулд олон хүний ч хэрэггүй. Системтэй судалгаа хийдэг арга зүй дээр л эрдэмтэн, мэргэжилтнүүдийг төвлөрүүлдэг баймаар байна. Зүй нь ердөө л энэ. Нэг арга зүйгээр тэдэнд даалгавар өгөөд, тэндээсээ шүүж бүтэн болгоод засаг төрд барьдаг байх. Гэтэл энд тэндээс авчирсан юмнуудаа дээл хувцас оёж байгаа юм шиг нийлүүлж эрээн мяраан болгодог. Нөгөөдөх нь ажилладаг ч үгүй. Улс төрийн огцом шийдвэрүүд гараад байгаагийн шалтгаан энэ. Тэрнээс байдал өөрчлөгдөж, гал гараад байгаадаа ч юм биш. Аль хэдийнэ бэлдчихсэн хэд хэдэн хувилбар бидний халаасанд байж болох ёстой байхгүй юу.

-Аливаа шийдвэрийг хүн л гаргадаг. Тэгэхээр сүүлийн үед поп улстөрчид олширч байгаагаас болж огцом шийдвэрүүд алхам тутамд гараад байна уу?

-“Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дагаж яваад хэрэггүй. Тулгарч байгаа асуудлуудаа яаж шийдэхийг Үндсэн хуульд тусгая” гэж ҮХНӨ-өөс өмнө яриад явж байсан УИХ-ын гишүүн ч бий. Ийм маягтай улсуудаас болж огцом шийдвэр гараад байгаа юм. Ямар ч үзэл баримтлалгүйгээр асуудлыг шийдээд байя гэнэ үү. Суурьгүй шийдэх чинь огцом шийдвэр гаргахын шалтгаан. Олон удаа УИХ-д суусан хашир улстөрч ингэж ярихаар бусад нь ямар байх нь ойлгомжтой.

-Ер нь бол огцом шийдвэрийг зориуд, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэхийн тулд гаргадаг уу?

-Ерөөсөө л энэ. Хэзээ ч газар хөдөлж болно шүү дээ. Тэрнээс болж огцом шийдвэр гаргаж байгаа юм биш. Улстөрчид, шийдвэр гаргачид огцом шийдвэр гаргах хамаг сууриа өөрсдөө бэлдчихсэн байж байдаг. Мэдэж бэлдэнэ, мэдэхгүй бэлдэнэ. Дараа нь хариуцлага хүлээхгүй зугтдаг учраас тэрийгээ огцом шийдвэр ч гэж боддоггүй. Огцом шийдвэр бол ард түмний хувьд “Зайлшгүй авах ёстой арга хэмжээ юм байна” гэх бодолд хүргэдэг.

Бараг ард түмнийг алмайруулж байгаад шийдвэрээ гаргачихдаг. Зайлшгүй ийм шийдвэр гаргахаас өөр гарцгүй юм байна даа гэж ард түмнийг бодоход хүргэдэг нөхцөлийг зориуд бүрдүүлдэг. Хор уршиг нь хожим гардаг учраас тэр үед хариуцлага хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн огцом шийдвэр бол хариуцлагаас зугтах хамгийн том арга гэж хэлж болно.

mn