З.СҮХБААТАР: Өмгөөлөл бол шударга ёсонд суурилсан хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа

З.СҮХБААТАР: ӨМГӨӨЛӨЛ БОЛ ШУДАРГА ЁСОНД СУУРИЛСАН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, “Монгол өмгөөлөгч” ХХН-ийн захирал, Хууль зүйн эрдмийн сургуулийн захирал доктор (Ph.D) профессор З.Сүхбаатартай өмгөөлөгчдийн ур чадвар, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлийн талаар ярилцлаа.

-Ярилцлагын эхэнд та манай уншигчдад өмгөөлөгчийн мэргэжлийн зорилгын талаар товчхон тайлбар өгөхгүй юу?

Өмгөөлөгч нь (лат.advocatus; англ.lawyer, advocate; гер.rechtsanwalt, ор.адвокат) иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг хуульч юм. 1926 оны Монгол Улсын шүүн таслах газраас аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хуулиар өмгөөлөгчийг “төлөөнөө заалдагч” гэсэн нэрээр яллагч томилогдсон хэрэгт оролцуулж байсан бол цаашид 1928 оны 5 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан өмгөөлөгчийн анхны эрх зүйн зохицуулалт болох Шүүх таслах тухай олонд тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэмд, БНМАУ-ын өмгөөлөгчдийн дүрэм (1944), БНМАУ-ын өмгөөлөх байгууллагын дүрэм (1952), БНМАУ-ын өмгөөлөх байгууллагын дүрэм (1965), Монголын өмгөөлөгчдийн коллегийн дүрэм (1978), Монголын өмгөөлөх байгууллагын тухай БНМАУ-ын хууль (1986), Өмгөөллийн тухай хууль (1994), Өмгөөллийн тухай хууль (2002), Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль (2012) зэргээр өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох болсон. Хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох нь өмгөөлөгч мэргэжлийн эрхэм зорилго юм. 

-Та Өмгөөлөгчдийн хорооны тэргүүнээр ажиллаж байгаад саяхан бүрэн эрхийн тань хугацаа дууссан. Энэ хугацаанд ямар бодлого чиглэлийг баримталж ажиллав. Чамгүй олон ажлыг амжуулсан байх.

-Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо нь Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй 2000 гаруй өмгөөлөгчийн эрх ашгийг хамгаалах, өмгөөллийн үйл ажиллагааны орчин нөхцөлд анхаарал тавьж ажиллах мэргэжлийн зохион байгуулалт байсан гэдгийг онцгойлж хэлэхийг хүсэж байна. Миний ажиллаж байсан энэ цаг үе бол өмгөөллийн үйл ажиллагаанд төрийн бодлого гүнзгий туссан, түүнийг зөв буруу, оносон эсэх талаар эргэцүүлэл, мэтгэлцээн, хэлэлцүүлэг, өрнөсөн он жилүүд байсан. Хуульчдын холбоо дөнгөж байгуулагдаад байсан тул Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан дүрэм, журмуудын төслийг боловсруулж батлах, Холбооны зохион байгуулалт үйл ажиллагааг өмгөөлөгчдөд таниулах, цаг үеийн болон өмгөөллийн үйл ажиллагааны хөгжлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажилд нэлээдгүй анхаарлаа хандуулсан.

 -2000 гаруй өмгөөлөгч үйл ажиллагаа явуулж байна гэлээ. Энэ бол манай улсын хувьд их тоо байх.Тоог дагаад чанар яригдана. Монголын өмгөөлөгчдийн ур чадварын талаар та юу хэлэх вэ?

-Би Өмгөөлөгчдийн хороонд үүрэг хүлээж ажиллаж байснаас гадна нэгдүгээрт, би өмгөөлөгчидтэй ойр дотно, шадар нөхөрлөж ажил хэрэг явуулж байсан, хоёрдугаарт, би өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тэгэхээр надад өмгөөлөгч нар ямар бэлтгэлтэй байна, хөгжил нь ямар харагдаж байна вэ гэдэг нь амьдрал дээр тодорхой харагддаг, бас энэ талаар багагүй судалгаа хийсэн. Ер нь аль аль талаас нь харахыг зорьдог. Энэ ч үүднээсээ дүгнээд үзэхэд яг энэ зурвасхан цаг үед (цаашаа ч бас жаахан үргэлжлэх байх л даа) өмгөөлөгч нарын ёс суртахуун, мэргэжилдээ хандах хандлага учир дутагдалтай байна. Үүнд шүүмжлэлтэй хандахаас аргагүй байна. Өмгөөллийн үйл ажиллагаа бол ёс суртахуун бөгөөд хуульд суурилсан байх ёстой. Үйлчлүүлэгчээ ойлгох, мэдрэх үзэл хандлагад тулгуурлах ёстой гэж боддог, үздэг, үүнийхээ төлөө үнэнч явдаг хэсэг нь цөөн болчихоод байна. Өмгөөллийн үйл ажиллагаа нь үзэгдэл, телевиз радиогийн мэдээний хурц тод хэсэг нь гэж үздэг хүмүүс ч бас их байх шиг байна. Тэгэхээр өмгөөллийн үйл ажиллагаа бол шударга ёсонд суурилсан хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа гэдгийг хэлэх ёстой. Үүнийг л гол болгох нь чухал. Бид үүнийг сурталчлахыг хичээдэг. Бид зохих хэмжээгээр судалсны хувьд хэлэхэд, дэлхийн улс орнуудын өмгөөлөгчийн мэргэжлийн зорилго ч ийм байдаг. Өмгөөлөгчдийн тоо сүүлийн хэдэн жилүүдэд маш ихээр өссөн. Энэ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. Өмгөөлөгчдийн эгнээд маш олон зөв, буруу бодолтой хүмүүс орж ирсэн.

-Тэгэхээр юунд анхаарах хэрэгтэй гэсэн үг вэ?

-Үүнийг зөв зохицуулах, эргээд өмгөөлөгчийн ёс зүйн шаардлагуудыг маш сайн нягталж үзэх ажил бидэнд үгүйлэгдэж байгаа. Цаашид хуульд заасан болон ёс суртахууны хувьд зайлшгүй байх ёстой өмгөөлөгчийн ажил хэргийн үүргүүдийг дахиж нэг авч үзэж, үүнийгээ хэрэгжүүлдэг тогтолцоо бүрдүүлэх, менежментийн хувьд зохион байгуулалтыг зөв хангах нийгмийн шаардлага байгаа гэж би хувьдаа боддог.

-Өмгөөлөгчдийн хувьд мэргэшил их чухал санагддаг. Манай улсад мэргэшсэн өмгөөлөгч хэр олон байна вэ?

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бидэнд авчирсан нэг сайн зүйл нь өмгөөлөгч өөрөө мэргэшин ажиллах эрх зүйн үндэслэлийг хууль тогтоомжийн хүрээнд анх удаа бүрдүүлж өгсөн явдал юм. Хуучин өмгөөлөгч нар мэргэшин ажилладаг байсан л даа. Гэхдээ энэ нь хууль тогтоомжийн хүрээнд тодорхой зохицуулалтгүй, тэр нь хувь өмгөөлөгч, өмгөөллийн нөхөрлөлийн зохион байгуулалтаар шийдэгддэг байсан. Үүнийг хуульчилж, эрх зүйн зохицуулалтад оруулж, эргээд хүмүүст мэргэшихийн чухлыг хэлж өгснөөрөө авууштай, цаашид илүү зүлгэж хөгжүүлэх шинэтгэл болсон. Ер нь эрдэмтэд, судлаачид “Хуульчдын хувьд мэргэжлийн боловсрол бол яах аргагүй үнэтэй эрдэнэ. Түүнийг зүлгэж, мэргэшил рүү аваачдаг зүйл нь хувь хүний хөдөлмөр, хичээл зүтгэл байдаг” гэдгийг хэлээд өгчихсөн байна. Тэгэхээр өмгөөлөгч мэргэшин ажиллана гэдэг нь эмчээс хүний амь насыг хамгаалахад ямар мэдлэг, ур чадвар, хөдөлмөр шаарддаг вэ, яг л түүнтэй адил зүйл. Тийм ч учраас эртнээс өмгөөлөгчийн мэргэжлийг эмчийн мэргэжилтэй ямагт адилтган үзэж, далд утгаараа түүнтэй адил шалгуур шаардлага тавьж, тэр шалгуур шаардлагаар өмгөөлөгчийн ажил мэргэжил хөгжсөөр өнөөг хүрч ирсэн. Харамсалтай нь энэ нарийн зүйлсийг ойлгох, ойлгохгүй хувь хүмүүс олон бий. Тиймээс өмгөөлөгчийн мэргэшил, мэргэшин ажиллах чиглэлийг бид анхаарлын төвдөө байлгаж, манай Хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага мэргэшлийн тодорхой салбар чиглэлийг тогтоож, үүнтэй холбоотой мэргэшсэн гэх хүндэтгэлийг хэрэглэх, энэ хүндэтгэл, ялгамжийг хэрэглэх нөхцөл байдлыг тодорхойлох журам болон стандартыг яаралтай батлах хэрэгтэй. Мэдээж жинхэнэ мэргэшсэн хүндээ хүрдэг байхаар батлах нь зөв. Ингэж чадвал нийгмийн гишүүд болох хувь хүн, хуулийн этгээдэд жинхэнэ мэргэшсэн үйлчилгээ хүрч, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол тунхаглалын төдий биш, жинхэнэ утгаараа хамгаалагдах хууль зүйн боломж, бааз суурь бүрдэнэ.

-Тэгэхээр өмгөөлөгч нар өөрсдийгөө бэлтгэхийн зэрэгцээ манай улсад өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах таатай орчин нөхцөл бүрдэж чадсан уу гэсэн асуулт урган гарах байх?

-Нийгмийн зүгээсээ, улс орны байгаа хөгжлийн түвшинтэй харьцуулаад үзэхэд өмгөөлөгч нар жинхэнэ утгаараа хууль зүйн фирмийг байгуулж, өрсөлдөөнд ороход олон төрлийн саад, бэрхшээлтэй тулгарч байна. Нэгдүгээрт, сэтгэлгээний хоцрогдол, өөрсдийгөө бодох хандлагад автчихаад байгаа нь ажиглагдаж байна. Хоёрдугаарт, төрийн бодлогоор хуульчид шударга ёсны манаанд хүчирхэгжих, хамтран ажиллах, дэлхийн зах зээлд гарах боломжийг нь бүрдүүлж өгөхгүй байгаад байна. Зарим улс оронд өмгөөлөгчийн мэргэжил, тэдний нэгдэл болох хууль зүйн фирмийг анхаарлын төвдөө байлгадаг болохын нэг жишээ бол татварын бодлого байдаг. Гэтэл манайд 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөөг НӨАТ-д хамааруулсан. Өнөөдөр өмгөөлөгчид аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчидтэй ижил хувь хэмжээтэй татварын ачаалал дор үйл ажиллагаагаа явуулж байна. Бодит байдал ямар билээ? Өмгөөлөгчийн мэргэжлийн ажил буюу хүний эрх, эрх чөлөөний төлөөх тэмцэл хэдэн арван сар, жилээр үргэлжилдэг. Засаг төрийн эрх мэдэлтэн, албан тушаалтнуудыг хууль биелүүлэхийг шаарддаг. Харин тэд татварын системээр дамжуулаад өмгөөллийн үйл ажиллагааны нууцад нэвтрэх боломжтой болсон.  ОХУ, Тайланд, АНУ зэрэг олон улс орнууд өмгөөлөгчийн мэргэжил бол эмчтэй адил гэдгийг хүлээн зөвшөөрч өмгөөлөгч, эмч зэрэг хэд хэдэн мэргэжлийг НӨАТ-аас чөлөөлдөг. Яагаад гэвэл тэд: өмгөөлөгчид нэг талаас хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах замаар нийгмийн үнэт зүйлсийг бүхэлд нь хамгаалан зогсдог. Тийм учраас нийгмийн ивээлд (албан тушаалтны биш шүү) байх ёстой хүндтэй ажил хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөгт, нөгөө талаас хүний эрхийн төлөөх дуу хоолойд өртөг үнэ нэмэгддэггүй гэдгийг мэддэг учраас тийм зохицуулалтыг хийсэн хэрэг л дээ. Гэтэл үүнийг манай хууль тогтоогчид ер бодох нь битгий хэл санаанд нь ч ороогүй болох нь 2016 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад тодорхой болсон.  Гомдоллож байгаа юм биш, бодит байдал нь ийм л байна. Ер нь хүн хэзээ хүнд хэцүү байдалд ордог вэ гэдэг асуулт тавья л даа. Хүн алдар цуутай, нэр хүндтэй, боловсрол мэдлэгтэй, албан тушаалд байгаа эсэхээсээ үл хамаараад эрүүл мэндийн хувьд доройтвол хүний гарт, бусдын хамааралд очдог, нөгөө талаасаа эрх, эрх чөлөө нь хязгаарлагдвал мөн тийм нөхцөл байдалд ордог. Үүний зааг ялгааг л ойлгох хэрэгтэй байгаа юм. Түүнээс өмгөөлөгч нар орлого их олоод түүнийгээ татвараас чөлөөлүүлэх гээд байгаа хэрэг биш шүү дээ. Тэгээд ч НӨАТ бол хуульчид төлдөг биш ард иргэд төлдөг. Цаашилбал, бараа бүтээгдэхүүнээ байнгын тасралтгүй завгүй худалдаж байдаг дэлгүүр, хоршоотой харьцуулбал өмгөөлөгчийн ажил хаа ганц үйлчлүүлэгч ирдэг, тэр нь тогтсон тариф байдаггүй, тэр хүний нөхцөл байдлыг ойлгож байж хөлс нь яригддаг тийм л ажил. Тэгэхээр өмгөөлөгчийн мэргэжлийн уугуул утга санаа, нийгмийн үүрэг зэрэг олон зүйлийг авч үзвэл зарим нэг татварыг эргэж харахаас аргагүй гэдгийг онцгойлж хэлмээр байна.

-Татварын дарамтаас гадна өмгөөлөгч хэн нэгнийг өмгөөлж, хамгаалсныхаа төлөө шоронд сууж, цагдан хоригдож, цагдаад дуудагдаж байна гэх гомдол байдаг. Тэгэхээр одоо үйлчилж байгаа хууль тогтоомжид асуудал байна уу, эсвэл өмгөөлөгч нарт асуудал байна уу?

-Өмгөөлөгчид олширсон, үйл ажиллагаа явуулах цар хүрээ өргөжсөнтэй холбоотойгоор нийгэмд янз бүрийн асуудал гарч байна. Би нэг зүйл дээр шүүх болон хууль хяналтын бусад байгууллагын үйл ажиллагаатай санал нийлдэггүй. Хэрэв өмгөөлөгч янз бүрийн ёс суртахууны болон мэргэжлийн алдаа гаргасан бол Мэргэжлийн хариуцлагын хороогоор нь шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл дундуур нь дайрч ороод захиргааны шинжтэй янз бүрийн арга хэмжээ авдаг нь зарчмын хувьд буруу. Тэгвэл яах гэж мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын дэргэд Мэргэжлийн хариуцлагын хороо ажиллаж байгаа юм бэ. Тэр байгууллага үнэ хүндгүй болж байна. Энд л асуудал шийдэгдэх ёстой. Хэрэв өмгөөллийн үйл ажиллагааны явцад бус хувь хүнийхээ хувьд нийгмийн харилцааны оролцогчийнхоо хувьд худалдаа арилжаа хийсэн, хувь хүний хувьд зөрчил гаргасан бол бусдын адил холбогдох хариуцлагаа хүлээх нь зөв. Харин өмгөөлөгчийнх нь мэргэжлийн үйл ажиллагааны дундуур нь ямар нэг байгууллага хутгалдаж оролцох нь боломжгүй зүйл. Үүний зааг ялгааг ойлгуулахын төлөө бид бүхэн чармайж ажилласан. Харамсалтай нь нэг мөр ойлгож, практик тогтож өгөхгүй байна. Үүнийг цаашдаа бид бодож, зөв зарчим, бодлогыг чиглүүлэх шаардлагатай байна.

-Тэгэхээр одоо үйлчилж байгаа хуулиудад өмгөөлөгч нар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг бүрэн тусгаж чадаагүй гэж ойлгож болох уу?

-Одоо байгаа материаллаг, процессын хуулиудад өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлагдмал тусгасан. Саяхан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсан. Энэ хуульд өмгөөлөгчдийн эрх, үүргийг тодорхой тусгаж оруулсан. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, өмнөх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг үзээрэй, өмгөөлөгчийн эрх гээд байх зүйл байхгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль руу эш татсан зөвхөн үүргийн хоёр, гурван заалт бий. Жишээлбэл, процессын хуулиудад саяны миний хэлсэн зохицуулалтын алдаа дутагдал, цоорхой байж байгаа. Өмгөөлөгч гэж хэн юм, өмгөөлөгч ямар үйл ажиллагаа явуулдаг юм, нийгэмд энэ мэргэжил ямар үнэ цэнэтэй юм гэдгийг манай өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд харьцангуй дутмаг зохицуулж өгсөн. Бид үүнийг эргэн харж өмгөөлөгчийн мэргэжлийн ёс суртахууны үндсийг тусгаж өгөхгүй бол өмгөөллийн үйл ажиллагаа зарим нэг хүмүүсийн хувьд дур зоргын зүйл болчих гээд байгаа.

-Тэгэхээр Өмгөөллийн тухай хуулийг зайлшгүй батлах хэрэгцээ байна гэсэн үг үү?

-Одоо байгаа эрх зүйн зохицуулалтыг маш сайн тунгаагаад үзвэл анхаарал татах асуудлууд бий. Хуульчдын холбооны гишүүнчлэлийн хувьд анхаарал татаж буй асуудал бий. Үүнийг манай улс орны онцлог учраас ийм байх ёстой гэж үзэх хэрэгтэй юу, эсвэл эргэж харах ёстой юу гэх зэрэг асуудал байна. Гэхдээ яг өмгөөлөгчийн тухайд нь тусгайлан аваад үзье. Одоо манай Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хувьд гүнзгий үгүйлэгдэж байгаа зүйл бол өмгөөллийн үйл ажиллагааны язгуур үндэс юу юм бэ гэдэг асуудал өөрөө орхигджээ. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн үйл ажиллагаа эдийн засгийн суурьтай, ашиг орлого олохыг чармайдаг аж ахуйн үйл ажиллагаа юм уу, аль эсвэл хүний эрхийн төлөө ашиг орлогыг нэгдүгээрт тавьдаггүй үйл ажиллагаа юм уу гэдэг зааг ялгааг хэлж өгөх байж гэж харж байгаа. Хоёрдугаарт өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын ил тод байдлын асуудлыг илүү гүнзгий тусган зохицуулж өгөх шаардлага байсан юм байна гэдгийг харж байна. Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын эрх зүйн зохицуулалтын үндсийг дэндүү ерөнхий тусгачихжээ. Нөхөрлөлийн хуулиар зөвхөн хязгаарлагдмал хүрээнд дэлгэрүүлж өгчээ гэдгийг бид өнөөдөр ойлгож байна. Тэгэхээр нэгдэж нийлээд хүчтэй болох гэхээр зарим зохицуулалтын дутагдал, төөрөгдлөөс болоод гацаанд орж байгаа нийгмийн хүчин зүйл байж байна. Цаашилбал, өмгөөлөгч нар амжилттай ажиллахад тулгын чулуу болдог өмгөөлөгчийн туслахаас эхлээд баг хамтлагийн талаар зохицуулалтын суурь зарчим дэндүү ерөнхий болсон гэж харагдаж байна. Түрүүнд бас татварын асуудлыг дурдаад өнгөрсөн. Татварын асуудлыг эргэж харах хэрэгтэй. Энэ бол өмгөөлөгч нар төрөөс дэмжлэг хүсээд, төрийг царайчлаад байгаа зүйл биш. Өөрсдөө нийгэмдээ чөлөөтэй хөгжихөд, нийгэм өөрөө шударга болж ариусахад өмгөөлөгчийн мэргэжлийн ажил үнэхээр чухал байдаг. Тийм учраас төр өөрөө дэмждэггүй юм аа гэхэд хүндрэл учруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Өмгөөлөгчийн тухай ярьж байгаа бол өмгөөлөгч юу хийдэг вэ гэдгийг ярих хэрэгтэй болно. Өмгөөлөгч нар хууль зүйн үзүүлэх журмаар улс орныхоо хөгжилд оролцдог. Цонхоор харахад зам, барилга барьж байна, нийгэмд агаарын бохирдол хүчтэй яригдаж байна үүний цаана хүний эрх, бизнесийн итгэлцэл байдаг. Энэ болгонд өмгөөлөгч өөрийн ажил мэргэжлийн хүрээнд оролцдог. Өмгөөлөгч зөвхөн хаа нэг газар захиргааны зөрчил гарахаар, хэн нэгэн гэмт хэрэгт холбогдохоор өмгөөлдөг юм биш ээ. Тийм ядмаг мэргэжилтэн, ядмаг ухагдахуунд хамаардаг хүмүүс биш. Үүнийг ялангуяа хууль тогтоогчид ойлгож бодоосой гэж хэлмээр байна. Эргээд харахад өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа, үүнтэй холбоотой хууль тогтоомж, тухайлбал, татварын асуудлыг хууль тогтоогчид огт судалгаагүй хийсэн юм билээ. Бид Цэцийн маргаанд ч орсон, юу ярьж байгааг нь ч сонссон. Цэцийн хуралдаан дараглагч бидэнтэй муйхар харилцсаныг ч мэднэ. Энэ бүхнийг ойлгоогүйгээс болоод олон зүйлийг буруу хийсэн байна билээ. Үүнийгээ хууль тогтоогчид зохих хугацаанд нь эргэж харах хэрэгтэй гэж боддог.

-Татвартай холбоотойгоор өмгөөлөгч нар “Ядаж давхар ажил эрхлэх боломжийг нээгээд өгөөч” гэсэн зүйл ярьж байсан?

-Төрийн зүгээс өмгөөлөгчид рүү чиглэсэн дарамт шахалт, татварын ачаалал үүрүүлээд хүн хэцүү байдалд ороод ирэхээр энэ мэргэжлийнхээ ажлыг хадгалж үлдэхийн тулд олон гарц хайгаад эхэлж байгаа юм. Зарим нь нөхөрлөл, баг хамт олон болоод ажиллаж байсан бол үүнийгээ татан буулгахад хүрч байна. Яагаад гэвэл 10 хүн ажиллавал 50 сая төгрөгийн татварыг нэг их удахгүй бий болгочихно. Тиймээс НӨАТ төлнө. Яг үнэндээ бол хоригдож, мөрдөгдсөн, хөрөнгө мөнгөө алдсан, даргын хууль бус шийдвэрийн улмаас ядарч цөхсөн үйлчлүүлэгч нараасаа НӨАТ авна гэж хэлж чадахгүй, өөрсдөө л олсноосоо илүүчилж төлнө. Хувиараа ганц ганцаараа ажиллавал жилдээ 50 саяын орлого олохгүй өмгөөлөгчид маш олон байгаа. Тэгэхээр НӨАТ-т хамрагдахгүй гэсэн үг. Үүнээс болоод байгууллага байгуулах, томоохон хуулийн нөхөрлөл байгуулж ирээдүйд ашиг тусаа өгөх энэ зохион байгуулалтаасаа нэг хэсэг нь татгалзаад эхэлчихлээ. Нөгөө хэсэг нь мэргэжлийн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахаа больж өөр ажил мэргэжил рүү хандах боллоо. Өөрөөр хэлбэл, чөлөөт зах зээл дээр өмгөөлөгчийн мэргэжлээр ажиллах нь өөрөө бүх зүйлээ хариуцах, хүнд цалин хөлс олгох бүх төрлийн дарамт шахалтад орж байгаа учраас энэ ажлаа орхиод аль нэг төрийн байгууллага, хувийн байгууллагад хуулийн зөвлөх болж, бусдын өглөг халамжаар амьдаръя гэсэн сэтгэлгээ, сонголт руу орж байна. Нөгөө талаараа ингээд хэцүү болгочихож байгаа учраас “Өмгөөлөгчийн ажлынхаа хажуугаар өөр байгууллагад давхар хуулийн зөвлөх хийе, давхар давхар олон ажил хийе” гэсэн хүсэл эрмэлзэл, хандлага бий болж байна. Үүнийг өмгөөлөгчийн байр сууринаас харвал ингэхээс өөр аргагүй болж харагдана. Гэтэл юу хохирч, юу үнэ цэнэгүй болж байна вэ гэхээр хүний эрхийг хангахын төлөөх мэргэшсэн зохион байгуулалт, цуцалтгүй бодол, сэтгэл, хөдөлмөрт ан цав сууж байгаа юм. Харамсалтай нь үүнийг бодлого шийдвэр гаргагчид олж харсангүй л дээ. Үүнийг ойлгодог мэдэрдэг хүмүүс цөөхөн байдаг. Энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Нийгмийг өөрчилье гэж байгаа бол хуулиа батлахаасаа өмнө судлах хэрэгтэй, хүндээ зориулж хийх хэрэгтэй. Харамсалтай нь тэгсэнгүй. НӨАТ-ын тухай хуулийг шинээр батлахад хуульчдын мэргэжлийн байгууллага Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь өмгөөлөгч нараас огт санал авсангүй, энэ бол том алдаа.

-Мэргэжлийн хариуцлагын хороогоор арга хэмжээ авагдсан хуульчдын олонх нь хүнээс хөлс мөнгөө аваад үйлчилгээгээ үзүүлээгүй, нэг ёсондоо луйвардсан байх юм. Үүнээс болоод өмгөөлөгчдийн нэр хүнд унаж байх шиг байна?

-Үүнийг би хоёр зүйлээс хамааралтай гэж боддог. Нэгдүгээрт, Хуульчийн эрх зүй байдлын тухай хууль батлагдаад өмгөөллийн талаар төсөөлөлгүй, хүнийг эрхийг хамгаалах үйлсийн талаар ойлголтгүй эрх зүйч, хуульчийн гэрчилгээтэй хүмүүс өмгөөллийн гал тогоо руу хүч түрэн орж ирсэн. Сэтгэлгээ, соёл нь өөр, өмгөөлөгчийн ажлыг мөнгөөр харж байгаа бол ийм зөрчил байнга гарна. Хоёрдугаарт, өмгөөлөгчид бэлтгэх, өмгөөлөгчийн ухамсар, соёл, сэтгэлгээг гүнзгий суулгах бодлого өнөөдөр байхгүйтэй адил байна. Хууль нь өөрөө хоёр жил дадлага хийгээд шалгалтаа өгвөл өмгөөлөгч бол гээд хэлчихсэн учраас энэ зохицуулалттай тэр бодлогыг хэрхэн уях вэ гэдгийг өнөөдөр хараахан шийдчихээгүй байна. Ер нь тэр хүмүүс хэлбэрийн талаас харвал бүгд л өмгөөлөгчийн үнэмлэхтэй, мэргэжлийн дипломтой сайхан харагдаж, сайхан ойлгогдож байгаа. Мөн зарим нь үйлчлүүлэгчид итгэл төрүүлж сайн ярьдаг бололтой юм билээ. Гэтэл яг өмгөөлөгчийн ажил мэргэжлийг сэтгэлээ өгч, хүн чанар гаргаж, үйлчлүүлэгчийнхээ зовлон жаргалыг ойлгож хийж байна уу гэвэл үгүй. Тиймээс ийм соёл, сэтгэлгээг суулгахын тулд Барын холбооны сайн бодлого, зөв зүг чиглэл хэрэгтэй. Сургалтаас эхлээд ёс суртахуун, ухамсрын үнэлэмжийг суулгах арга хэмжээнүүд цогцоороо хэрэгтэй. Бид тийм л бодлого хэрэгжүүлж чадахгүй бол энэ хэцүү байдлаас хэзээ салах вэ гэдэг асуултад хариулт олдохгүй байх.

-Өмгөөллийн тухай хуулийн төслөөр өмгөөлөгч болох хүмүүсээс шалгалт авахаар байгаа. Үүнийг бас нэг гарц гэж харж болох уу?

-Шалгалтад асуудлын гол нь байгаа юм биш. Шалгалтаар бүх хэмжүүрийг тавьвал сайн ч хүн давна, муу ч хүн давна. 1928 онд батлагдсан өмгөөллийн анхны баримт бичигт өмгөөлөгч шударга хүн байна гэж бичсэн байдаг. Өнөөдөр бол хүнийх нь хувьд биш өмгөөлөгчийн явуулж буй мэргэжлийн үйл ажиллагаа шударга байх ёстой гэсэн шаардлага тавигдаж эхэлсэн. Өнөөдөр нийгмийн харилцаа олон чиглэлтэй, хүний сайн муу мэдэгдэхээ байсан энэ цаг үед “чи шударга хүн мөн үү” гэж асууж шаардлага тавихад хэцүү болчихсоныг ойлгож байна. Гэхдээ 1928 онд юуг хэлж байсан юм бэ гэхээр ёс суртахууны хувьд өмгөөлөгчийн ажил мэргэжилд тэнцэх ёстой гэдгийг хэлсэн байгаа юм. Өнөөдөр бид энэ уламжлал, байсан зохицуулалтыг авдраа уудалж олж хараад сэргээн гаргаж, ёс суртахууны хувьд энэ хүн энэ ажилд тэнцэх ёстой юм шүү гэдгийг нь чиглүүлдэг тийм л сайн зохион байгуулалтыг бий болгох ёстой. Үүнд сургалт, дадлага, семинараас эхлээд цогц арга хэмжээнүүд орно. Хуульчдынхаа хувьд яаж итгэл хүлээж байгаа юм, мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрхэн хандаж байгаа юм гэдгийг шалгалтаар хэмжих боломжгүй. Мэдээж мэргэжлийн хувьд бэлтгэлтэй гэдгийг нь харуулахын тулд шалгалт байх ёстой. Зөвхөн шалгалтаар битгий хязгаарла. Өмгөөлөгчийн мэргэжилд хүнийг нь бэлтгэх зөв гарц, зохион байгуулалтыг бид олж хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

-Эрх зүйчид төгсөөд хоёр жил дадлага хийж байж хуульчийн мэргэжлийн шалгалтад орох ёстой байдаг. Тэгэхээр эрх зүйчдийн олонх нь энэ дадлагын хугацаанд өмгөөлөгчийн туслахаар ажилладаг юм шиг байна. Энэ хугацаанд бүрэн мэдлэг, чадвар олж авах боломжтой юу?

-Миний хувьд хууль зүйн сургууль дөнгөж төгссөн өрнүүн бодол эрмэлзэлтэй олон сайхан залуучуудтай хамтарч ажиллаж байна. Энэ хүмүүсээс маань ч гэсэн өмгөөлөгч болоод ажил мэргэжил эрхлээд бие даан ажиллаж байгаа хүмүүс бий. Ер нь өмгөөлөгчийн туслах ажилтан бол өмгөөлөгчийн ажил мэргэжилд хүндтэй байр эзэлдэг хүмүүс байдаг. Өмгөөллийн үйл ажиллагаанд ихээр тулгардаг бэрхшээл, ачааллыг үнэхээр хугасалж чаддаг эрхэм хүмүүс бол өмгөөлөгчийн туслах ажилтнууд мөн. Харамсалтай нь манай Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд ганцхан удаа өмгөөлөгчийн туслахын талаар дурдсан байдаг. Тэгэхээр манай хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтын дутагдал байгаа гэж хүлээн зөвшөөрдөг. Цаашилбал, хэн гэдэг өмгөөлөгч, аль хуулийн нөхөрлөл туслах ажилтан ажиллуулж байна вэ гэдгээс шалтгаалаад тэр хүмүүсийн мэргэжлийн бэлтгэлд үнэхээр маш том зааг ялгаа, зөрүү гарч ирээд байгаа юм. Тиймээс цаашдаа Хуульчдын холбооноос өмгөөлөгчийн туслах ажилтан ажиллуулах, түүнийг бэлтгэх, ирээдүйн өмгөөлөгчдийг бэлтгэхэд нь анхаарч сургах цогц бодлогын баримт бичигтэй болох ёстой. Үүнийг хувь өмгөөлөгч төдийгүй, хуулийн фирм, хэсэг бүлгээрээ хамтран ажиллаж буй өмгөөлөгч нар ойлгож хэрэгжүүлдэг нэгдсэн зүйл рүү орчихвол их хэрэгтэй байгаа юм. Тэгвэл хоёр жил гэдэг мэргэжлийн бэлтгэлийг зохих түвшинд олоод авах боломжтой, хангалттай хугацаа. Бидэнд ийм бодлого, хандлага байхгүй бол хоёр битгий хэл 20 жил тавиад ч өмгөөлөгч болох бэлтгэлийг хангуулж чадахгүй. Энэ бол зохион байгуулалтаараа, менежментээр шийдэх асуудал.

-Өмгөөлөгч болох гэж буй хүмүүст зориулсан гарын авлага сургалтын материал хэр хангалттай байна вэ?

-Манайд өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн мэргэжил, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцохтой холбоотой суурь судалгаа, гарын авлагууд байгаа. Мэдээж хуульч, судлаачид, үе үеийн ахмад хуульчдын бичиж боловсруулж бэлтгэсэн зүйлийг бид үгүйсгэж болохгүй. Гэхдээ сүүлийн үеийн хандлага хаашаа явж байна вэ гэдгийг харгалзсан судалгаа, эрдмийн бүтээл хомс байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Өмгөөлөл, хууль зүйн фирмийн үйл ажиллагааны талаар далайцтай бүтээл гарын авлага, зүг чиг болсон зүйлс ховор байна. Нөгөө талаасаа манай туршлагатай ахмад хуульчид, хуулийн фирмүүдийг удирдан авч явж байгаа хуульчид нь өмгөөлөгч болохын төлөө үнэнхүү сонирхож байгаа, өмгөөлөгчөөр ажиллахыг зорьж байгаа үеийнхэнд сургах хамтын ажиллагаа, үе үеийн хэлхээ холбоо сайн бүрдэж өгөхгүй байна. Цаг үеийн шинжтэй ийм зовлон, бэрхшээл байна. Зарим нь ажлын ачааллаас болдоггүй, зарим нь идэвх сонирхол байдаггүй, зарим нь бие биенийгээ үл тоодог. Үүнд олон зүйл нөлөөлж байгаа.

-Иргэд өмгөөлөгч авахдаа “Та тэр шүүгч, тэр прокурорыг таних уу, та хэр нөлөөтэй вэ” гэсэн байдлаар их ханддаг болж. Өмгөөлөгчид ийм ойлголтыг иргэдэд өгчихсөн учраас энэ хандлага гараад байна уу?

-Үзэж туулсан, өөрт сонсогдож, мэдэгдэж байсан зүйлийнхээ талаар яривал илүү бодитой, үнэнд нийцэх байх. Би 2003 онд өмгөөллийн гал тогоонд хөл тавьсан л даа. Тэр үед би дөнгөж хуулийн сургууль төгссөн 22-той байлаа. Надаас үйлчилгээ хүссэн хүмүүстэй уулзаад явж байхад надад их эргэлзэнгүй байдаг байсан. Ний нуугүй хэлэхэд хүүхдээрээ харагддаг байсан л даа. Тэгэхэд бол танил талын асуулт маш олон ирдэг байлаа. Үнэнээ л хэлдэг байсан. “Би энэ мэргэжлийн төлөө ном заалгаад гарсан. Би тийм хүн танихгүй ээ, таны энэ хэргийг би шударга ёсны үүднээс л ярина. Би хуулийн хүрээнд шүүхээр шийдвэрлүүлэхийн төлөө оролцох ёстой гэж бодож байна“ гэж хариулдаг байсан.  Ингээд 2010 оноос хойш үндсэндээ надад тийм яриа нэг их гарахаа байсан. Бид хуулиа бариад мэтгэлцдэг, хэрэг шийдвэрлүүлдэг байсан. Эргээд 2012 оноос ийм яриа дахиад эхэлсэн. “Та хэнийг таних уу, нөлөө юу байна” гэдэг болсон.

-Энэ юутай холбоотой юм бэ?

-Энэ бол хоёр талтай гэж бодож байгаа. Нэг талаасаа нийгмийн сэтгэлгээнд танил тал асуудал шийддэг гэдэг зүйлийг ямар нэг хандлагаар өгөөд байгаа юм шиг байгаа юм. Ийм ойлголт сэтгэлгээ давамгайлчихаж. Үүнийг социологийн талаас нь судалж үзэх ёстой. Нөгөө талаас өмгөөлөгч мэргэжлийг эрхлэх хүмүүс маш олон болсон. Тэд өөртөө ажил бий болгохын тулд янз бүрийн зүйл ярьдаг юм билээ. Түүний л сул тал. Өмгөөлөгч нар “Би тэр шүүгч, прокурорыг танина. Би прокурорт ажиллаж байсан. Би цагдаад ажиллаж байсан. Тиймээс надад итгэж болно” гэдэг ийм хандлагыг илэрхийлэх болсонтой холбоотой хүссэн хүсээгүй үйлчлүүлэгч тэр яриагаар хүмүүжиж, эргээд хуульчдаас өөрсдийнх нь гаргасан энэ муу үлгэрлэлийг нь асуудаг болсон гэж би үздэг.

-Өмгөөлөгч нар “Бид бусдын эрх ашгийг хамгаалахын төлөө яваад байдаг хэрнээ өөрсдийн эрх ашгаа хамгаалах ажил хийдэггүй” гэдэг. Өмгөөлөгчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө юуг хийх хэрэгтэй байна вэ?

-Өмгөөлөгчийн ажил бол либерал мэргэжил. Үүнийг дэлхий хүлээн зөвшөөрчихсөн. Тэгэхээр либерал ажил мэргэжил гэдэг бол өөрөө хэн нэгний хараанд орж, хэн нэгнээс хамааралтай байж, шударга ёсны төлөө хүн хатгахаар хэлж, хүн боль гэхээр сүүдэрт нь орж нуугдаж амаа хамхидаг мэргэжил биш. Мэдээж үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын төлөө хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хүрээнд даацтай, далайцтай ажиллах ёстой. Энэ бол хууль зүйн шаардлага. Нөгөө талаас өмгөөлөгч нар нийгмийг анагаадаг, төрийн тулгуур болж өгдөг гүнзгий агуулгатай ажил мэргэжил учраас нийгэмд болж байгаа, ялангуяа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал дээр байр сууриа илэрхийлж, судалгаатай, үндэслэлтэй хандах ёстой. Өнөөдөр манайд шүүх эрх мэдлийн шинэтгэлийн явцад хүний эрхийг зөрчсөн, хуулийн мэргэжлийн бие даасан хараат бус байдлыг хөндсөн олон асуудал бий болсон. Харамсалтай нь манай хуульчид, тэр дундаа өмгөөлөгч нар үүнд ул суурьтай хандаж байгаа нь маш цөөн байна. Тийм учраас энэ юутай холбоотой вэ гэдэг асуудал яригдана. Энэ нь өмгөөлөгчийн мэргэжлийг, өмгөөллийн үйл ажиллагааг хүчгүйдүүлж, тарамдуулж, сулруулсантай холбоотой. Өмгөөлөгч ганцаараа ажил эрхэлдэг бол таван хэрэг, маргаан дээр ажиллаад ирэхээр хувь хүний хувьд ачаалал нь нэмэгдэж, зөвхөн тэр хүрээнд ажиллаж, сэтгэж нийгмийн уур амьсгал руу анхаарал хандуулж чадахаа байж, ачаалалдаа дарагдаж мухардалд ордог. Хуулийн фирм, мэргэжлийн хамтлагийг зохион байгуулж хөгжүүлж чадсан улсад өмгөөлөгчид алсыг харж чаддаг. Уулсын оргилыг, нийгмийн хөгжлийг, хүний эрхийн хөгжлийг, эрх зүйн зохицуулалтын хандлагыг олж харж чаддаг. Өмгөөлөгч нарыг хамтарч, нийлж хуулийн фирмийн зохион байгуулалтыг их өндөр түвшинд хүргэх боломжуудыг зарим бодлогоор ихээхэн хаачихлаа. Тиймээс хүмүүс ганц ганцаараа ажиллахаас аргагүй байдалд орчихсон. Ганцаараа ажиллаж байгаа хүн аль болгон юманд анхаарал хандуулж чадах вэ дээ. Олуулаа ажиллавал олон сайн талтай. Наад зах нь, мэргэшлийг бий болгоно. Мэргэшил гэдэг нь шинжлэх ухааны нарийн мэдлэгийг эзэмшиж түүнийгээ ажил хэрэгтээ илэрхийлэх тухай ойлголт. Тэгэхээр хүний эрхийн түвшинд шинжлэх ухааны тэр салбарын эрх зүйн мэдлэг, тэр салбарыг сайн ойлгодог хүмүүс яах вэ гэхээр хүний эрхийг, нийгэмд гарч буй хууль зүйн үзэгдлүүдийг өндөр хэмжээнд шинжлэн судалж, тэр хэмжээнд гүнзгий түвшиний байр суурийг илэрхийлж чадна. Өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг нэг сайн ул сууртай эргэж харах л хэрэгтэй байна. Ингэх юм бол төрийн бодлогын зүгээс өмгөөлөгчдийн үйл ажиллагааны хөгжил зөв чигт орно. Нөгөө талаас өмгөөлөгчид бэлтгэдэг, өмгөөлөгч хүн ямар байх вэ, ёс суртахууны хувьд ямар шаардлага шалгуурыг хангасан, ямар босго давааг хангасан байх вэ гэдгээ Барын холбоондоо зохион байгуулаад үүнийгээ шатлалтай сургалт, семинараар нөхөөд шийдээд явах ёстой. Үүний тулд өмгөөлөгчийг бэлтгэх мастер төлөвлөгөө, бодлогын баримт бичиг чухал байгаа. Үүнийг Хуульчдын холбоо анхаарлынхаа төвд авч хэрэгжүүлнэ гэж найдаж байгаа.

Эх сурвалж: Монгол Өмгөөлөл

en_US