Т.Бат-Эрдэнэ: Улаанбаатарыг олон төвт хот болгох хэрэгтэй 

Т.Бат-Эрдэнэ: Улаанбаатарыг олон төвт хот болгох хэрэгтэй 

2023/10/15

Монгол Улсын эрдмийн их сургуулийн Докторантыг дэмжих төвийн захирал, доктор, дэд профессор Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотод тулгамдсан асуудал тоймгүй их байна. Улаанбаатарын асуудлыг шийдчихвэл улсынхаа тэн хагас асуудлыг шийдчихлээ гэсэн үг биз дээ?

-Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл хот гэдэг утгаараа хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтцийн нягтаршил ихтэй. Энэ нь хэн бүхэнд ойлгомжтой. Ер нь бол Улаанбаатарын асуудлыг том зургаар нь харах юм бол Монгол Улсын асуудал юм. Өөрөөр хэлбэл, манай өргөн уудам хязгаар нутагт хөгжлийн түвшин алдагдалтай байгаа учраас төвлөрсөн нэг крант руугаа ус урсч ороод байгаа юм. Орон нутгаас жилд 40-60 мянган иргэн Улаанбаатарт суурьших гэж ирж байгаа гэсэн судалгаа байдаг. Нийслэл рүү ингэж хэт төвлөрөөд байгаа урсгалын шалтгааныг бид хамгийн түрүүнд олж харах хэрэгтэй. Улаанбаатар хотын агаарын бохирдол, замын түгжрэлийн шийдлийг бид олж чадахгүй юм байна гэдгийг өнгөрсөн 30 жил харлаа. Өнөөдөр Улаанбаатар хотын хүндрэл бэрхшээл сорилтыг даван туулъя гэвэл Монгол Улсын хөгжлийн өөрийнх нь чиг баримжааг судалж үзэх хэрэгтэй. Тиймээс хөдөө орон нутагт соёлыг түгээмээр байна.


Хүн амьдрах таатай орчныг тэнд бүрдүүлэх ёстой. Тэгвэл орон нутгаас Улаанбаатар руу ирэх урсгал буурна.

Тэр хэрээр Улаанбаатар хотын хүндрэл бэрхшээлүүд саарна. Ер нь хүний биеийн эрүүл мэнд бодисын солилцооны тэнцвэрт үйл ажиллагаанаас шууд шалтаалдаг даа. Яг үүнтэй ижилхэн хот ч гэсэн өөрийн бодисын солилцооны үйл ажилгааг тэнцвэржүүлэх нь чухал. Иймд Улаанбаатар хот юу хэрэглэж байна, түүнийгээ хэрхэн шингээж байна гэдийг нарийвчлан судлах хэрэгтэй. Жишээлбэл, бид жилд хэдэн сая тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа билээ. Түүнээс ялгарах утаа тэр хэмжээнд л байна гэсэн үг. Бүх л зүйлс өөрийн үр дагаврыг бий болгодог. Энэ нь асуудал үүсгэж буй эх үүсвэрүүдийг л бууруулах явдал юм.

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг яаж шийдэх ёстой вэ?

-Нийслэл хотод маань тулгын гурван чулуу шиг дэд бүтэц байдаг. Нэгдүгээрт, усны хэрэглээ. Хоёрдугаарт нь эрчим хүчний хангамж. Гурав дахь нь нийтийн тээвэр. Энэ тулгын гурван чулууг хөгжүүлэх юм бол бусад асуудлууд нь салбарлаад дэмжигдээд явна. Энэ гурав унавал бусдыгаа татаж асуудал үүсгэдэг. Яг үнэндээ агаарын бохирдол гэдэг бол эрчим хүчний хангалтгүй байдлаас үүсэлтэй байж болох нэг сэжүүр байгаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр олон байдаг. Жишээлбэл, зуухны яндангийн утаа, автомашин, цахилгаан станц, тоос шороо, үнс гээд олон эх үүсвэр бий. Тэр дундаа хаврын улиралд цахилгаан станцуудын овоолсон үнс салхинд хийсээд өвлийн оргил үеийнхтэй тэнцэхүйц хэмжээний агаарын бохирдол үүсгэдэг. Өнөөдөр манай улс агаарын бохирдлыг яаж алга болгох вэ гэдгийг мэдэхгүйдээ хийж чадахгүй байгаа юм биш. Бүгд мэдэж байгаа. Ганцхан арга зүй л дутаад байна. Төрийн үйл ажиллагааг удирдахад арга зүй ч зайлшгүй чухал. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах зорилготой 400-гаад мянган гэр хорооллын өрхүүдийн яндангийн тоог цөөлөх гэсэн бодлогыг хэн ч буруутгахгүй. Гэвч ийм оношлогоог мэдсээр байж 177 тэрбум төгрөгөөр коксжсон нүүрс оруулж ирж энэ өвөл түлнэ гэхээр логикоор уялдахгүй байгаа биз дээ. Уг нь тэр олон мянган айлын яндангийн тоог цөөрүүлэхийн тулд өдөрт гурав, дөрвөөр ч хамаагүй багасгах ёстой. Гэтэл тэр айлуудын зуухыг дандаа галлуулж байх зорилготой түлшийг нь бэлдэж өгөөд байгаа юм. Дээр нь жилээс жилд орон нутгаас шилжиж ирж буй өрхүүдийн хувьд хамгийн өртөг багатай сууц бол монгол гэр. Тэдний түлшийг хотод ирэхэд нь сайхан бэлдээд өгчихөөд байна шүү дээ. Энэ янзаараа төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга барилаа өөрчлөхгүй бол асуудлыг шийдэж чадахгүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс агаарын бохирдлыг аль хэзээний тархиндаа шийдчихсэн. Юунаас болж агаар бохирдоод байна, яаж бууруулах уу гэдгийг захын хүн бүр мэднэ. Гэхдээ хийж байгаа ажил нь бидний оношлогооноосоо зөрөөд байна. Дэлхийн олон хотууд агаарын бохирдлоосоо салах хэд хэдэн арга замыг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Үүний нэг нь цэвэр эрчим хүчний эх үүсвэр. Нүүрс, модон зуухны оронд байгалийн хий, цахилгаан, төвлөрсөн халаалтын систем гэх мэт илүү цэвэр халаалтын хувилбаруудыг ашиглахыг дэмжих ёстой. Энэ нь цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг оршин суугчдад хямд, хүртээмжтэй болгохын тулд төрөөс татаас эсвэл урамшуулал шаардаж болно. Дээрээс нь сайжруулсан дулаалга байна. Бас нийтийн тээврийн дэд бүтцэд зохимжтой зөв хөрөнгө оруулалт хийж, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоог бууруулах хэрэгтэй. Замын хөдөлгөөнтэй холбоотой утааг бууруулахын тулд автобус, метро болон бусад төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг дэмжих зайлшгүй шаардлага бий. Ингэхдээ цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, цэнэглэх дэд бүтцийг бий болгоход урамшуулал олгох эрх зүйн орчныг илүү сайн хөгжүүлэх нь чухал юм. Нэмж хэлэхэд, Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн тулд төр засаг, аж ахуйн нэгж, оршин суугчдаас урт хугацааны хамтын үүрэг хариуцлага шаардагдана гэдгийг мартаж болохгүй.

-Замын түгжрэлээс хэрхэн ангижрах вэ?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэр гэж зовлонтой асуудал байна. Нийслэлийн автозамын сүлжээг сайжруулж, нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийнэ гээд түүхэнд байгаагүй их хэмжээний мөнгийг улсаас төсөвлөж байна. Манай улс мөнгөгүй биш. Төсвийн үр өгөөжтэй ашигтай байдлаар захиран зарцуулалт дээрээ алдаад байна. Тэгэхээр эргээд төрийн ажлыг эрхэлж байгаа арга зүйдээ анхаарах ёстой. Ойрын жишээ гэхэд, монголчууд битгий хэл дэлхий дахинаа асуудал болж буй ногоон автобусны дуулиан байна. Дэлхийн стандартыг хангасан орчин үеийн хоёр автобус худалдаж авах хэмжээний мөнгөөр капитал засвар хийсэн нэг автобус авчихсан байх жишээтэй. Төр иргэдийн татварын мөнгийг шударга зарцуулж байна уу гэдэгт эргэлзээ төрж байна шүү дээ. Нийтийн тээвэр гэдэг бол хүний бие дэх судас гэсэн үг. Хүн болгон өглөө бүр нийтийн тээврээр тал, тал тийшээ зорчдог. Тэгэхээр нийтийн тээврийг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн тохилог парк шинэчлэлтээр шийдчихвэл хүн болгон хувийнхаа автомашиныг унаад яваад байхгүй. Цаашлаад түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээвэрт хөрөнгө оруулалт хийхээс гадна моторгүй тээврийг дэмжих хэрэгтэй. Унадаг дугуй, явган хүний зам хангалттай барьж байгуулах ёстой. Хэрэв бид автозамаа өргөтгөөд л гүүр зам шинээр бариад байвал автомашины тоо нэмэгдээд л байхаас буурахгүй. Мөн түгжрэлийн үнийн бодлого гэж бий. Олон улсын туршлагаас харахад, түгжрэл ихтэй газар юм уу оргил ачааллын үед тээврийн хэрэгслээс нэмэлт төлбөр авдаг байх жишээтэй. Ийм маягаар, түгжрэлийн үнийн бодлогыг нэвтрүүлдэг юм байна лээ. Энэ нь ачаалал ихтэй үед замын хөдөлгөөнд оролцох машины тоог багасгахад тусална гэж үздэг. Улаанбаатар хот бол нэг төвтэй. Нийслэлчүүд өглөө болгон босоод нэг чиглэлд явдаг. Тэр нь хотынхоо төв рүү. Нэг төвтэй хотын төвлөрөл гэдэг бол өглөө, оройдоо ч бөглөрнө. Тиймээс олон төвтэй хот болж хөгжих нь чухал.

-Тэгвэл Улаанбаатар хотыг хэрхэн задлах вэ. Бүхэл бүтэн нэг аймагтай тэнцэх хэмжээний дүүргүүд байдаг. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг гурав хувааж асуудал ч яригддаг шүү дээ?

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар шиг том, цогц хотыг өөрчлөх нь үнэхээр амаргүй ажил. Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргүүдийн хэмжээ, менежмэнттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх нь томоохон сорилт, болон боломжуудыг бий болгоно. Үнэндээ Сонгинохайрхан дүүрэг бол Говьсүмбэр аймгийг хоёр, гурав нугалах хэмжээний хүн амтай шүү дээ. Ер нь Улаанбаатарыг олон төвт хот болгох хэрэгтэй. Миний хувьд эдгээр том дүүргүүдийг жижиг, илүү удирдах боломжтой хэсгүүдэд хуваах нь зүйтэй гэж бодож байна. Ийм хуваагдал нь засаглал, үйлчилгээний хүртээмж, оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулна. Улаанбаатар бол нэг төвтэй хот болохоор ихэнх асуудал үүнтэй холбоотой. Тиймээс хотыг ерөнхий төлөвлөгөөнд олон төвт хөгжлийн чиглэлийг оруулсан байдаг. Тэр чигт явж байгаа бид. Гэсэн хэдий ч энэ санааг сайтар бодож боловсруулсан төлөвлөгөөтэй хандах нь чухал юм. Ийм өөрчлөлтийг эхлүүлэхэд анхаарах зарим үндсэн алхмуудын талаар хэлье л дээ. Эхлээд дүүргийн иргэд, оршин суугчид болон холбогдох эрх бүхий байгууллагуудтай тэдний үзэл бодол, хэрэгцээг ойлгохын тулд олон нийтийн санал зайлшгүй чухал. Мөн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах шаардлагатай. Томоохон дүүргүүдийг хуваах нь бодит байдал, боломжит үр өгөөжийг үнэлэх цогц ТЭЗҮ-ийг хийж, захиргааны үр ашиг, нөөцийн хуваарилалт, үйлчилгээний хангамж зэрэг хүчин зүйлсийг авч үзэх шаардлагатай.

-Улаанбаатарт газрын наймаа, автобусны луйвар гээд цавчихгүй зүйл гэж алга. Улаанбаатар хот бүхэлдээ авлигажсан хот болчихов уу. Судлаачийн хувьд яаж харж байна вэ?

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд газрын наймаа, ногоон автобусны авлига зэрэг олон асуудал ундарч байна. Эдгээр нь хотын хөгжил нийтийн тээврийн ил тод, шударга байдлын талаар эргэлзээ төрүүлж байна. Хотын төвийн үнэ цэнтэй газар ихэнхдээ газрын наймаа, авлигын гэмт хэргийн эх үүсвэр болдог. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт газар олголт, хуваарилалт шударга, хуулийн дагуу хийгдэж байна уу гэсэн хардалт сэрдэлтийг төрүүлэх болсон. Үүний нэгэн адил автобусны гэрээ, нийтийн тээврийн үйлчилгээ зэрэгт авлигын асуудал яригдаж байна. Хотын нийтийн тээврийн систем нь оршин суугчдад нэн чухал. Автобусны гэрээнд авлига авсан гэх мэдээлэл нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хямд, үр ашигтай байдалд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр асуудал олон нийт, иргэний нийгмийн болон төрийн хяналтын байгууллагуудын анхаарлын төвд байсангүй. Өөрөөр хэлбэл, энэ талын мэдээлэл хаалттай нууц байснаар ийм уршиг тарьж гэж би харж байна. Тиймээс хууль эрх зүйн шинэчлэл, авлигатай тэмцэх санаачилга зэрэг эдгээр салбар дахь авлигыг шалгаж, арилгахад хүчин чармайлт гарган ажиллах биз. Улаанбаатар хот бүхэлдээ авлигад идэгдсэн байх албагүй ч эдгээр асуудлууд хот байгуулалт, төрийн үйлчилгээний ил тод байдал, шударга нээлттэй засаглал үгүйлэгдэж байна. Авлигатай тэмцэх нь хотын баялгийг оршин суугчдынхаа сайн сайхны төлөө зарцуулах, төрийн байгууллагуудад итгэх итгэлийг бий болгох ёстой. Тиймээс хотын удирдлага урд өмнөхөөс илүү шударга нээлттэй, иргэдээ гэсэн сэтгэл гаргах нь нэн тэргүүний ажил болоод байх шиг.

-Шинэ хотын дарга ажлаа авангуутаа хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг маш сайн мэдэрч, Улаанбаатар хотыг юу зовоогоод байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, ил тод байдлаар ард иргэдтэйгээ ойлголцох ёстой л доо. Хаяа гарч ирж загначихаад суугаад байж болохгүй. Хороодоороо алхаж, иргэдтэйгээ уулз. Өөрөө нийтийн тээвэрт суугаад алслагдсан дүүргүүдийнхээ хороодод очиж үзээсэй гэж бодож байна. Х.Нямбаатарын хувьд үнэхээр хүнд нөхцөл байдалд хотын дарга болж байна. Энэ хүн айхавтар сурпрайз барина гэдэгт итгэхгүй байгаа. Ядаж хотынхоо жирийн албан хаагчидтайгаа шударга харьцаад тэднийгээ ажиллах боломжоор хангаасай билээ. Тэд нар олон жил ажилласан улсууд болохоор ажлаа Засаг даргаасаа илүү мэдэж байгаа. Тэгэхгүй бол танай, манай хүн гэж ялгаад албан хаагчдынхаа итгэл зүтгэлийг хаадаг байж болохгүй. Хотын шинэ дарга эдийн засаг, төсвийн сахилга батыг маш сайн анхаарах хэрэгтэй. Шударга байхыг хичээ. Өөр юу ч хийж чадахгүй. Угаасаа сонгуулийн жил тулаад ирсэн энэ үед хугацаа ч алга. Мөн Улаанбаатар хотыг өмгөөлдөг бай. Ялангуяа Засгийн газартай хотынхоо өмнөөс үзэж тардаг байх хэрэгтэй. Э.Бат-Үүл даргад байсан хамгийн том давуу тал нь энэ байсан. Нийслэлчүүдийнхээ өмнөөс Засгийн газартай амь биеэ хайрлахгүй үздэг байсны үр дүнд 2012-2016 онд хотод ямар их ажил хийлээ дээ. Энэ дөрвөн жил бол Улаанбаатарын цоо шинэ өнгө байсан. Тэгэхээр одоо шинээр томилогдох хотын даргын өөр нэг онцгой анхаарах асуудал бол орон сууцны хүрэлцээг шийдвэрлэмээр байна. Онцгой байдлын бэлэн байдлыг хангах, бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах, хотын эрх ашгийг хамгаалах, ёс зүйтэй манлайлах гээд яриад байвал олон л чиглэл байна даа.

М.МӨНХЦЭЦЭГ

en_US