БНХАУ-ын баруун бүс нутаг дахь архитектур, барилгын инженерийн салбарын анхны сургуулиудын нэг, өнөөдөр ногоон барилга болон тогтвортой хөгжлийн судалгаагаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Шиань Барилгын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (XAUAT) үүсгэн байгуулагдсаны 130 жил, сургуулиудын нэгдлийн 70 жилийн ойгоо 2026 оны 9 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.


Тус ойн баярын хүрээнд XAUAT-ын санаачилгаар байгуулагдсан Торгоны замын Олон улсын Архитектур, Технологийн Их Сургуулиудын Холбооны (SRIAATU) “Хүн төрөлхтний тогтвортой хөгжил” сэдэвт дэлхийн их сургуулиудын удирдлагын форум болов. Уг форумд тус холбооны гишүүн 27 орны төлөөлөгчид, эрдэмтэд оролцож, тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудал, шийдэл болон цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг хэлэлцсэн юм.
2022 оноос XAUAT-тай түншлэлийн харилцаа тогтоосон Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн (МУЭИС) төлөөлөгчид энэхүү ойн баяр, эрдэм шинжилгээний хурал болон симпозиумд уригдан оролцлоо. Арга хэмжээний үеэр МУЭИС-ийн захирал Ч.Зэгиймаа тус сургуулийн хамт олонд мэндчилгээ дэвшүүлж, судалгааны их сургуулиуд нийгмийн хөгжлийг манлайлагч хүч болохыг тэмдэглээд, шинэ мэдлэг бүтээж, шинжлэх ухааны эргэлтэд оруулахад олон улсын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлов.
Түүнчлэн МУЭИС-ийн төлөөлөгчид алдарт Терракота армиараа дэлхийд танигдсан эртний түүхт Шиань хотын дурсгалт газруудтай танилцсанаас гадна тус сургуулийн докторант Zhang Yiling-ийн бүтээсэн Great Tang Rose Garden, Засгийн газрын ордон, Шиань хотын Номын сан зэрэг төсөлт бүтээн байгуулалтуудыг үзэж сонирхлоо. Төлөөлөгчид нутаг буцах замдаа Бээжин хотноо байрлах Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зочилж, хоёр улсын дээд боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон нь энэхүү томилолтын чухал ач холбогдолтой хэсэг болох юм.

